Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-04-10 15:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

 

2020 оны 4 дүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-15-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Энэ сарын 13-наас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

 

 

Холбоотой мэдээ