УИХ-ын гишүүн С.Бямбацогт НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-10 18:06:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай өнөөдөр уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг шинэчлэн боловсруулж өргөн бариад, ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хаврын чуулганаар батална. Энэ хуулийн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн механизм, тогтолцоо, оролцогчдын эрх үүргийг илүү нарийвчлан тодорхой болгож зааж өгснөөс гадна хуулийн нэрийг ч Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болгон өөрчилж байгаа. Мөн энэ өдрүүдэд “Алсын хараа 2050” баримт бичгийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдлээ. “Алсын хараа 2050” баримт бичигт НҮБ-ын системийн байгууллагуудаас санал авч, түүнийгээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэнд талархал илэрхийлье. Саналыг бид анхааралтай авч үзэж байна” гэлээ.



НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Алсын хараа 2050” баримт бичгийг батлах нь маш чухал. Нэн ялангуяа төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого нь хөгжлөөс хоцорч болзошгүй эмзэг бүлэгт эергээр тусаж байна уу гэдгийг тодорхой болгох нь чухал юм”  хэмээв.  


Уулзалтаар талууд тогтвортой хөгжлийн бодлого, баримт бичгийн талаар болон шинэ коронавирус цар тахлын тархалттай холбоотойгоор нийгэм, эдийн засагт учруулж байгаа нөлөөллийн талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ