Хромон гутал үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 15:35:35

Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн булаг” компани нь хромон гутал үйлдвэрлэж эхлээд байна.

Дотор гадаргүй цэвэр арьсаар хийгдсэн, ширэн ултай уг гутлын үнэ 75 мянган төгрөг бөгөөд орос хромоос дутахааргүй чанартай болжээ. Тус компанийн нэг онцлог нь өөрийнхөө арьс ширний үйлдвэрт бод болон бог малын арьсыг боловсруулан хөх шир, илэг, шевро, савхи, булигаар зэргийг үйлдвэрлэж, гутлынхаа цехэд төрөл бүрийн гутал оёдогоороо бусдаас давуу талтай. Мөн эсгийний үйлдвэртэй бөгөөд эдгээр түүхий эдийн үйлдвэрүүдээ ашиглан төрөл бүрийн гутал, ноос ноолууран хөнжил, гудас, гэрийн бүрээс, хаяавч зэргийг орон нутагтаа үйлдвэрлэж хямд төсөр өртгөөр ард иргэдэд нийлүүлж ирсэн билээ. Үндсэндээ тухайн компани гутал оёх утас, тах хадах хадаас хоёроос бусдыг нь өөрийнхөө үйлдвэр, цехэд хийж байна.

Увс аймгийн ард иргэд малын гаралтай түүхий эдээ “Дөрвөн булаг” компанид тушаах, мөн савхи, булигаар, цагаан шир зэргийг тэдний үйлдвэрээс хямд өртгөөр авч өөрсдөө гутал хувцасаа оёдог болоод 10 гаруй жил өнгөрч байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ