Эдгэрсэн хүмүүст коронавирусний халдвар дахин илрэх тохиолдол нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-15 13:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Шинэ коронавирусний халдвар авч эдгэрсэн хүн бүр дархлаатай буюу халдвартай тэмцэх эсрэг биеттэй болохгүй байгааг ДЭМБ тэмдэглэсэн хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинэ коронавирусний халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхийн хэмжээнд нийт нэг сая 980 мянган хүн шинэ коронавирусээр халдварлаж, 126 мянга 530 хүн нас баржээ. Харин 485 мянга 677 хүн эдгэрч, 1.3 сая хүн эмчлүүлж байна.


Иран улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 98 нас баралт шинээр бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.

Итали улсад нас баралт өмнөх өдрөөсөө өсөж, шинэ халдварын тоо ялимгүй буурчээ.

БНСУ-д коронавирусээр өвчилж эдгэрсэн өвчтөнүүдэд вирусний халдвар дахин илэрч байгаа тохиолдол нэмэгдэж мягмар гарагийн байдлаар 124-д хүрчээ. Мэргэжилтнүүд эдгэрсэн өвчтөнд вирус дахин илэрч байгааг тайлбарлахдаа, нуугдмал байсан вирус өвчтөний биеийн дархлаа сул болоход дахин идэвхэжсэн байж болзошгүй. Түүнчлэн шинжилгээний хариунд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ. Тус улсад коронавирусээр өвчилж эдгэрсэн өвчтөнүүдэд вирусний халдвар дахин илэрч байгаа тохиолдол анх 2 дугаар сарын 27-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Насны бүлгээр нь авч үзвэл 22.6 хувь нь 20-иод, 18.5 хувь нь 50-иад, 15.3 хувь нь 30-аад насныхан 12.1 хувь нь 60-аад насныхан байгаа аж. Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсээс хоёрдогч халдварыг тараасан тохиолдол БНСУ-д бүртгэгдээгүй байна гэж мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулаад эдгэрсэн өвчтөнүүдийг карантинаас гаргаснаас хойш дахин 2 долоо хоног гэрийн тусгаарлалтад оруулна гэж мэдэгджээ.

НҮБ-аас Африкийн улсуудад зориулж нийт 30 мянган хүнийг эмчлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүргүүлжээ.

Холбоотой мэдээ