Үндэсний оношилгоо эмчилгээний төвд 250 ор гаргах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-04-16 20:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэдийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл өнөөдөр  Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн ажилтай танилцлаа.


Энэ үеэр коронавирусний халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангахад хэрхэн бэлтгэсэн талаар газар дээр нь танилцан, заавар, зөвлөгөө өгөв. Тус эмнэлгийн хувьд эмнэлгийн гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, хүн амын дунд коронавирусний халдвар тархвал 250 ор дэлгэх нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна. 


Тухайлбал, оношилгоо эмчилгээний төвийн байранд: мэс заслын 1 дүгээр тасагт 82 ор, яаралтай тусламжийн тасагт 12 ор, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасагт 20 ор байрлуулсан бол 50 ортын байранд тусгаарлах хэсэгт 8 ор, 4, 5 дугаар давхарт нийт 60 ор байгаа аж.



Хүүхдийн тасгийн байранд 68 ор тус тус дэлгэх юм байна. Мөн эмнэлэг ор дэлгэх үед ажиллах гарын авлагыг боловсруулж, 450 ширхгийг хэвлүүлэн эмчилгээний болон дэмжих тасгууд, эмнэлзүйн 12 баг болон бусад багт ажлын удирдамж болгон ажиллаж байна.


Эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хувцас хэрэглэл өмсөх, тайлах дараалал, гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх заавар, тусгаарлан сэргийлэлт хийх зааврын талаар 35 удаагийн сургалт, 3 удаагийн сургуулилт зохион байгуулжээ. Мөн энэ өдөр тус эмнэлэг эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн нээлтээ хийсэн байна.


Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагаа нь хүн амын дунд аливаа халдварт бус өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, ахуйн болон ажлын байр хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөллөөр үүсэх эрүүл мэндийн эрсдлүүдээс сэргийлэх мэдлэг дадал, хандлагыг олгох ач холбогдолтой юм.



Тус төвийг байгуулснаар нийт хүн амын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга, техник, технологи ашиглан явуулна. Мөн нэг цэгт төвлөрүүлснээр үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай, чанартай, цогц байдлаар хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ.


Урьдчилан сэргийлэх төрөл бүрийн багц үзлэгүүдийг нэг цэгээс лабораторийн бүхий л төрлийн шинжилгээ, компьютер томографийн оношилгоо, хэвлийн болон зүрхний хэт авиан болон бусад төрлийн үйл оношилгоо, төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг цэгт төвлөрүүлэн хийж дүгнэлтийг үйлчлүүлэгчдэд гарган эмчилгээ, зөвлөгөөг өгөх юм байна.

Холбоотой мэдээ