Амралтын газар, фитнесс, сауны үйл ажиллагааг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-16 21:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангасан амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээж байна.


Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусний халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл  баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв,  саун, сургалтын төвийг түр зогсоосон.


Харин Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн /2020.04.16/ амралтын газар, фитнесс заал, сауны  үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай Ажлын багг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг холбогдох судалгаа тооцоо, тоон баримтад үндэслэн хэлэлцжээ.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхний ажлыг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах үйл ажиллагагаа явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг ийнхүү нээлээ.


Тус байгууллагууд ажиллахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм байна.

Холбоотой мэдээ