Нийслэлд ослын эрсдэлтэй 160 гаруй төмөр замын гарам байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-17 23:00:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал нь төмөр замын гарам дээр осол, зөрчил гарах гол шалтгаан болж байна. Он гарсаар гарам дээр 33 осол, зөрчил гарч, галт тэрэг 399 минут буюу 6 цаг 39 минут саатжээ.


Тодруулбал, тээврийн хэрэгсэл гармын хаалт дотор зогсож хөдөлгөөнд саад учруулсан 7, тээврийн хэрэгсэл хаалт эвдэж гэмтээсэн 10, тээврийн хэрэгсэл гарам дээр эвдэрсэн, мөргөлдсөн 2, тээврийн хэрэгсэл галт тэрэгний урдуур амжиж гарах гэж хурдалсан 10 тохиолдол бүртгэгджээ. Мөн галт тэргэнд явган зорчигч шүргүүлж гэмтсэн, явган зорчигч галт тэргэнд дайруулж нас барсан, тээврийн хэрэгсэл галт тэргэнд мөргүүлсэн осол тус бүр 1 бүртгэгдсэн байна. Иймд төмөр замын гармын аюулгүй байдлыг хангаж гармыг хонгилон гарц, агаарын гүүрээр солих, төмөр зам, авто замыг ижил түвшинд огтлолцуулахгүй байхаар дэд бүтцийг шийдэх шаардлагатай байна.


УБТЗ-ын хэмжээнд 280 төмөр замын гарам байдгаас 172 нь Улаанбаатарт байдаг. Нийт гармын 202 нь салбар замд байдаг бол Сүхбаатараас Замын-Үүд хүртэл гол замд 78 гарам байдаг. Гол зам дагуу гармын 51 нь автомат хаалттай, 27 нь осол гарах эрсдэл багатай учир ердийн тэмдгээр зохицуулагддаг байна. 


Төмөр замын тээврийн тухай хуулиар гарам гарц барих асуудлыг орон нутгийн захиргаа хариуцаж иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Харин гарцыг хашаажуулж, хамгаалалт хийх ажлыг төмөр замын байгууллага хариуцдаг. 


Гэвч Улаанбаатарт байгаа 172 төмөр замын гармаас авто болон төмөр зам ижил түвшинд огтлолцдоггүй байх шаардлагыг хангасан нэг гүүр, явган хүнд зориулсан гарц гарын таван хуруунд багтахуйц цөөхөн байна. Үндсэндээ нийслэлд ослын эрсдэлтэй 160 гаруй төмөр замын гарам байгаа юм.


УБТЗ ХНН-ийн Тээвэр хяналтын албаны дарга Н.Адьяа: “УБТЗ сүүлийн 2 жил галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах шинэ систем нэвтрүүлж байна. Хоёр өртөөний хооронд ганц галт тэрэг явдаг байсан бол 2-3 галт тэрэг явах бөгөөд бүх галт тэрэг явж өнгөрөхөөс нааш гарам нээгдэхгүй. Энэ хүрээнд хийсэн судалгаагаар Таван шарын гарам 29 минут буюу хамгийн удаан хугацаанд хаагдсан. Толгойтоос 3 багц галт тэрэг гарахад тухайн гарам гурвууланг нь өнгөрөөж байж нээгдэх учраас ийм хугацаа шаардана. Энэ нь ослын эрсдэлийг бууруулж байгаа ч замын түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулдаг. Тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учир цаашид гармыг хэрэглээнээс халах ёстой. Замын цагдаагийн шинэ гүүр шиг Таван шар, Дүнжингаравын 2 том гармыг гүүр болгох ёстой. Төмөр зам, авто зам хоёр ижил бус түвшинд огтлолцож байж аюул ослын эрсдэл үгүй болно”  хэмээв.


Энэ төрлийн осол зөрчлийг бууруулах нь нэг талаас нутгийн захиргаа, төмөр замын байгууллагын асуудал мэт боловч иргэдийн оролцоо ч багагүй хувийг эзэлнэ. Иймд төмөр замын зөвшөөрөгдсөн гармаар зам гарах, аюултай бүсэд явган зорчихгүй байх, жолооч нарыг анхаарал болгоомжтой байж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ