Монголын футзалны хөлбөмбөгчид ур чадвараа ахиулах боломж нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-21 12:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны футзалын шалны гэрээт нийлүүлэгч компанийн “Бинау” /Benow LLC/ компаниас Монголд 2020 оны хоёрдугаар сард ирүүлсэн шалыг МХБХ-ны Футзалын ордонд бүрэн суулгаж дууссан байна.


Монголын футзалын шигшээ багийн нас насны тамирчид мэргэжлийн талбайд бэлтгэл сургуулиа хийж, мэргэжлийн ур чадвараа ахиулах боломж ийнхүү бүрдлээ.


МХБХ-ны 60 жилийн ойд зориулан 8 зорилгын хүрээнд 2020 оноос талбайн хөлбөмбөг, футзал хоёрыг салган тусад нь өргөн хүрээнд хөгжүүлэх шийдвэр гаргасан тухайгаа холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар 2019 оны 11 дүгээр сард АХБХ-ны ерөнхийлөгчтэй уулзахдаа танилцуулж, футзалын шинэ шалтай болгож өгөх хүсэлт тавьсан юм.


Уг хүсэлтийн дагуу АХБХ-ны Ерөнхийлөгч Шейх Салман бин Халифа АХБХ-ны ерөнхийлөгчийн Хөгжлийн хөтөлбөрийн /AFC PDI/ хүрээнд МХБХ-ны 60 жилийн ойд бэлэг болгож футзалын мэргэжлийн шал өгөхөө амласан. Мөн энэ тухай АХБХ-ны Мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Колин Гибсон МХБХ-ны 2019 оны “Алтанбөмбөг” ёслолд хүрэлцэн ирэхдээ ч албан ёсоор зарлаж байсан нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна.

Холбоотой мэдээ