Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-21 18:26:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар . Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжив. 


Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, “Ус үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг өргөтгөх, ангилал ахиулахаар “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.


Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж.


Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон аж.


Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.


Хуралдааны төгсгөлд Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ