Мянга гаруй оюутныг үзлэг, шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-22 22:11:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 1264 оюутныг эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамруулахаар боллоо. Өмнө нь Дорнод Их сургуулийн “Оюутан” баг, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрүүл шүд- Эрүүл оюутан” төслийг хэрэгжүүлж байсан юм. Энэ төслийг өргөжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Төслийн хүрээнд аймгийн МСҮТ, Политехник коллеж, Дорнод Их сургуулийн оюутнуудыг биеийн ерөнхий үзлэг, чих, хамар хоолой, нүд, БЗДХ, сүрьеэгийн илрүүлэг, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аж. Мөн БОЭТ, ЭМГ, хувийн шүдний эмнэлгүүдтэй хамтран нэг, хоёрдугаар дамжааны 200 оюутны амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх эмчилгээнд хамруулахаар тогтжээ. Тиймээс ЭМГ-аас хувийн шүдний эмнэлгүүдтэй хамртан ажиллах гэрээ байгуулсан байна.

Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар зорилтот бүлэг, хүүхэд багачууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан төсөл, хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлж буйн нэг нь энэ ажил юм. 

Холбоотой мэдээ