Т.Бадрал: Онцгой нөхцөлд аврагч, гал сөнөөгч 30 хувийн нэмэгдэл цалин авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. COVID-19 цар тахлаас сэргийлэх үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм. Ажлын баг Гамшгаас хамгаалах тухай хуулийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулжээ.
Төсөлд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.
Хуулийг баталснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гамшгаас хамгаалах тухай хуулийн өөрчлөлтөөр, гамшгийн нөхцөлд ажилладаг онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгаа, нэмэгдэл хөлсний асуудлыг иж бүрнээр шийдэж чадаж байгаа эсэхийг тодруулав. Төслийн ажлын багийн гишүүн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, "Аврагч гал сөнөөгчид өдөр бүр гамшигтай тэмцэж ажилладаг. Усны гүн болон мандалд, агаар дээр, өндөр ууланд зэрэг хүнд нөхцөлд ажилладаг. Хуулийн төслийн 59 дүгээр заалтад онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр, онцгой нөхцөлийн нэмэгдэл нь албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй байна гэж заасан. Одоо мөрдөж байгаа хуулиар 20-иос доошгүй хувьтай байгаа" хэмээв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, зарим үед нийслэл, аймгийн онцгой комисс нь өөр мэдэгдэл гаргаад байна. Дугаарын хязгаар тавина, тавихгүй гэх зэрэг. Хэн нь эцсийн эрх мэдэлтэн бэ. Нэг сувгаар шийдвэр гаргах шаардлагатай байна. Хуульд үүнийг хэрхэн тусгасан байгааг лавлав. УОК-ын шийдвэрийг биелүүлээгүй бол хариуцлага тооцох санкц тусгах боломжтой эсэхийг асуулаа.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Гамшгаас хамгаалах хуульд, УОК-ын үүрэг чиг тодорхой бус байсан. Өөрөөр хэлбэл, УОК-ын ажиллах журмын хүрээнд ажиллаж байсан. Тиймээс УОК нь босоо удирдлагаар бусад аймаг, нийслэл, дүүргийн онцгой комиссыг удирдан чиглүүлж явах чиглэлийг заалт төсөлд орж байна. Дайчилгааны асуудалд, аж ахуйн нэгжийг дайчлах хуулийг дагаж гарсан журмаар зохицуулна. Гэхдээ гарсан зардлыг төр хариуцаж нөхөн олговор олгох заалт байгаа. Судалгааны хувьд ашиглаж болох байшин, эмч, техникийн тооцоог гаргасан. Одоо гамшгийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ажиллахад бэлэн байна. Шоронд хоригдож байгаа эрхээ хасуулсан иргэд халдвар тархсан тохиолдолд хамгийн эмзэг бүлэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тэднийг халдвараас хамгаалах ажлыг хэрэгжүүлж байна гэлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, энэ хуулиар хариуцлага тооцох эрх нь УОК-т бий болж байна. Үүнийг дагаад Зөрчлийн тухай хуульд торгох, Эрүүгийн хуульд баривчлах хатуу хариуцлага орж байна. Албан тушаалтантай холбоотой хариуцлагыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна. Ингэхдээ, УОК тухайн албан тушаалтанд хариуцлага тооцохдоо, төрийн албаны тухай хуулиар огцруулах, чөлөөлөх эрхтэйгээр оруулсан гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж, тодруулан байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураав. Гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.