ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 5996 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-25 19:09:18

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо нэг өдрийн дотор 5966-аар нэмэгдэж, 74588 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.


Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-ын 85 бүс нутагт илэрсэн шинэ тохиолдлуудын 2 915  нь буюу 48.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 6250 болсон бол 66 хүн нас барсан бөгөөд халдвар тархсанаас хойш нас барсан нийт тохиолдлын тоо  681-д хүрчээ.


ОХУ-ын  нийслэл Москва хотод 2612 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 39509 боллоо. Москва мужид 605, Санкт-Петербургт 215 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Оросын ихэнх бүс нутагт “өөрийгөө тусгаарлах дэглэм” хэрэгжиж байгаагаас гадна, тус улсын нийслэл хотод нэвтрэх хяналтын систем нэвтрүүлсэн байна. ОХУ-ын эрх баригчид онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг, эрүүл ахуйн журмыг сахин мөрдөж, гудамжинд хоорондооо дор хаяж нэг метр зайтай байхыг иргэддээ хандан уриалж байна.


Коронавирусний халдвар дэлхийн бараг бүх улсад тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 2.6 сая гаруй хүн халдвар авч, 182 мянган хүн нас баржээ.


Холбоотой мэдээ