Дэлхийн удирдагчид вакцины судалгаанд олон тэрбумыг амлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-05 09:09:30

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооноос /ЕХ/ зохион байгуулсан цахим дээд хэмжээний уулзалтад 40 гаруй орны төлөөлөгчид, хандивлагчид оролцож, коронавирусний вакциныг гарган авах, уг өвчнийг судлах, эмчлэхэд найман тэрбум гаруй ам.долларыг зориулахаа амлажээ.


Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен, дэлхий дахин түүхэнд байгаагүйгээр хамтран ажиллахын эхлэлийг тавьлаа гэж мэдэгджээ. Тэрбээр энэхүү мөнгө нэгдмэл, хүмүүнлэг байдлыг илэрхийлж байгаа хэдий ч цаашид үүнээс илүү хөрөнгө шаардагдана гэж нэмж хэлсэн байна.  


Дэлхийн 30 гаруй орон, НҮБ, сайн үйлсийн байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд энэхүү хандивыг босгожээ. Мөн Америкийн поп дуучин Мадонна тэргүүтэй хүмүүс хандив өргөсөн бөгөөд тэрбээр 1.1 сая ам.доллар хандивлахаа амласан гэж У.Лайен мэдэгджээ.


Европын Комисс вакцины судалгааг нэг тэрбум ам.доллароор санхүүжүүлэхээр болсон бол Норвег мөн ижил хэмжээний хувь нэмэр оруулах ажээ. Мөн Франц, Саудын Араб, Герман 500 сая евро, Япон 800 сая гаруй ам.долларыг зориулахаа амласан байна. АНУ, ОХУ уг үйл ажиллагаанд оролцоогүй бол 12 дугаар сард халдвар анх дэгдсэн БНХАУ-ыг ЕХ-нд суугаа Элчин сайд нь төлөөлжээ.


Энэхүү хандивын 4.4 тэрбум ам.долларыг вакцин гарган авахад, хоёр тэрбум ам.долларыг эмчилгээний судалгаанд, 1.6 тэрбум ам.долларыг оношлуур үйлдвэрлэхэд зориулна гэж ЕХ мэдэгдсэн байна. 


У.Лайен дээд хэмжээний уулзалтыг нээх үеэрээ, дэлхий нийт нийтлэг зорилтдоо хүрэхийн тулд бүх тал хувь нэмрээ оруулах шаардлагатай хэмээн хэлээд, өнөөдөр дэлхий дахин нэгдэж байгаа учир тавдугаар сарын 4 коронавирусний эсрэг тэмцлийн хувьд чухал өдөр байх болно гэж тэмдэглэжээ.


“Бид хэдий чинээ хамтран ажиллана эрдэмтэд төдий чинээ хурдан хугацаанд вакцин гарган авна” гэж уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ. “COVID-19”-өөр халдварласны улмаас эрчимт эмчилгээний тасагт гурван хоногийг өнгөрүүлсэн тэрбээр, манай улс 388 сая фунт стерлингийн хувь нэмэр оруулна гэж мэдэгдсэн байна.


Энэхүү уулзалтыг Европын Комисс, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, Норвег, Саудын Араб хамтран зохион байгуулсан бөгөөд Италийн Ерөнхий сайд Жузепп Конте, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель тэргүүтэй төлөөлөгчид уг санаачилгад гарын үсэг зуржээ.


“Эрдэмтэд болон хууль тогтоогчид, аж үйлдвэр болон Засгийн газрууд, олон улсын байгууллагууд болон эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд түүхэнд байгаагүйгээр хамтран ажиллахын эхлэлийг энэхүү санхүүжилт тавьлаа” гэж удирдагчдын нээлттэй захидалд тэмдэглэжээ.


"Бид дэлхий дахиныг хамруулах вакциныг гарган авч чадвал 21 дүгээр зуунд бүтээсэн хамгийн сайн үйлс байх болно" гэж дээрх захидалд дурджээ. Мөн талууд АНУ-ын шүүмжлэлд өртөөд буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Дэлхий даяар олон арван судалгааны баг вакцин гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд илүү их санхүүжилт зориулсан ч үр дүнтэй вакциныг гарган авахад цаг хугацаа шаардлагатай. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, вакцин 2021 оны дундуур бэлэн болох төлөвтэй байгаа нь вирус анх дэгдсэнээс 12-18 сарын дараах хугацаа юм. 

Холбоотой мэдээ