Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 16:03:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/  боллоо. Уг киноны нээлтэд урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, "Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох хуулийг баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьж,  ядарч зовсон нэгэндээ тусаа хүргэдэг , сайн сайхныг хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна. Мөн оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээлээ.



МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргах нь нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо. Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан олны хүртээл болж байгааг Элчин сайд М.П.Сингх тодотголоо.


“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн I сувгаар гарах юм.

Холбоотой мэдээ