Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-06 16:23:46

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар олон улсын жишигт нийцсэн лаборатори бүхий шинэ барилгатай болно. Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийх энэхүү барилгын ажлыг “Их Базар констракшн” ХХК гүйцэтгэхээр болж шав тавилаа. Шинэ барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

МХГ-ын одоо ашиглаж байгаа барилга нь ашиглалтын чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон байна. Оффисын болон лабораторийн шинэ барилгатай болсноор сорилт, шинжилгээ хийх өрөө тасалгааны орчин нөхцөл, ажиллах хүн хүч, тоног төхөөрөмж нь  MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагад бүрэн нийцэж, лабораторийн одоогийн хүчин чадал хоёроос гурав дахин нэмэгдэх юм.

Сонирхуулахад, тус газрын хяналтын итгэмжлэгдсэн лаборатори нь эрүүл ахуйн нян судлал, хими, хор судлал, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын дөрвөн чиглэлийн лабораторид жилд дунджаар 3500 гаруй сорьц дээжид 8000 орчим үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийдэг.

Холбоотой мэдээ