БНСУ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 16:06:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газар "COVID-19"-өөс сэргийлэхээр тогтоосон “нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан өнөөдрөөс “ахуйн хүрээнд зай барих” дэглэмд шилжүүлэхээр шийдвэрлэв.


Ингэснээр хувь хүн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж нийгмийн харилцаанд хэвийн оролцох нөхцөл бүрдэнэ. Тодруулбал, гадуур чөлөөтэй гарах, уулзалт зохион байгуулах, нийгмийн хамгааллын байгууллагын үйл ажиллагааг сэргээх, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал, талбай, сүм хийдийн цуглаан, музей, театр үзвэр үйлчилгээний төвийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ. Хэдийгээр улс орон даяар хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа боловч амны хаалт зүүх, хүмүүс хоорондоо 2 метрийн зай барих, халуурах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл гэрээс ажиллаж, биеэ ажиглах зэрэг үндсэн журмууд хэвээр мөрдөх аж.


Түүнчлэн БНСУ-ын Боловсролын яам энэ сарын 13-наас төгсөх ангийн болон ахлах ангийн сурагчдын, 20-ноос дунд сургуулийн төгсөх ангийн, бага сургуулийн 1-2 дугаар ангийн, 27-ноос 3-4 дүгээр анги, ирэх сарын 1-нээс 5-6 дугаар ангийн сурагчдын танхимын сургалтыг эхлүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ