Сэтгүүлчид хүүхдийн цэцэрлэгт мод тарихад туслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-08 19:08:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийг дэмжих сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгт мод тарихад туслан оролцлоо. Сэтггүүлчид байгаль орчны ТББ-аас хайлаас зэрэг 200 ширхэг модны суулгацыг тус цэцэрлэгт нийлүүлэн тарив. Мөн мод ургуулах, арчилж тордох зэрэг дээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө өгүүлэв. 

Цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэг сэтгүүлчдэд талархалаа илэрхийлээд, мод тарьж ургуулахад хөрсөө судлах, хар шороо, элс бэлтгэх, мэргэжлийн зөвлөгөө авах зэргээр бүх зүйлийг цогцоор шийдэж байж мод бүрэн ургах учиртайг онцолж, энэ бүхэнд мэргэжлийн байгууллага, ААН-үүдийг холбож өгөн ажиллахыг хүсэв. 


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэг нь Амгаланд оршдог, 1971 онд 150 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж, өнгөрсөн жил өргөтгөлөөр 175 хүүхдийн шинэ байртай болж, өдгөө дүүрэг, хорооныхоо нийт 500 хүүхдийг хамруулж байна. Дүүргийн тэргүүний шилдэг тус цэцэрлэг нь эко цэцэрлэг болохоор ажиллаж байна. 


Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо мод тарих Үндэсний өдрийг угтан “Мод тарих нь чухал. Тарьснаа арчилж ургуулах нь бүр чухал” уриан дор нэг сарын аянг зохион байгуулж байна. Юуны өмнө сэтгүүлчдийг мэргэжлийнхэнтэй холбон мэдлэг, туршлагыг нь хуваалцуулж байна. Мөн Монголд анх удаа мод тарих сошиал зөвлөгөөг байгаль орчны мэргэжлийн ТББ-тай хамтран бэлтгэн олон нийтэд хүргэв. 

Нийслэл хотын захын сургууль,цэцэрлэгийн талбайг моджуулах, эко орчин бүрдүүлэх, цаашлаад хүүхдийг байгальд орчинд хариуцлагатай иргэн болгон өсгөх зорилготой “Байгальд ээлтэй-Ногоон орчин” төслийг ийнхүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгээс эхлүүлээд байна. Төслийг цаашид ч жил бүрийн хавар, намар нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын сургууль цэцэрлэгт хэрэгжүүлэх юм.



Ташрамд бүх нийтийн мод тарих өдөр маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 9-10-ны амралтын өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдөр иргэд, албан байгууллага, ААН-үүдийг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчилж услах зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг нийслэлийн Байгаль орчны газар, мэргэжлийн ТББ-ууд уриалж байна.



Холбоотой мэдээ