Э.Фаучи: АНУ-д халдвараар нас барсан хүний тоо мэдээлж буйгаас өндөр байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-13 10:50:17

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 80 мянгаас өндөр байх магадлалтай гэж тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучи мэдэгдээд, хот, муж улсууд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт сулруулвал ноцтой үр дагавар үүсэж болзошгүйг анхааруулжээ.


Э.Фаучи мягмар гарагт Сенатын танхимын ажлын хэсэгт мэдээлэл хийх үеэрээ, халдвараар нас барсан зарим хүний тоо албан ёсоор тоологдоогүй байгааг тэмдэглээд, ялангуяа Нью-Йорк хотод гэртээ нас барсан хүмүүс нийт нас баралтад бүртгэгдээгүй байгааг онцлон хэлжээ. Гэвч тэрбээр хэчнээн хүн тоологдоогүй байгааг тооцоолон хэлэхээс татгалзсан байна.


АНУ-д ирэх намар буюу 9-11 дүгээр сард цар тахал улам даамжирч болзошгүй гэдгийг Э.Фаучи анхааруулсан боловч тухайн үед АНУ нөхцөл байдлыг одоогийнхоос илүү сайн зохицуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.


Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд эдийн засгаа сэргээхийг муж улсын захирагч нарт уриалж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд 50 муж улсын захирагчдын дийлэнх нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн тохиолдолд дэлгүүр, зоогийн газар, оффисуудыг нээхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.


Харин Э.Фаучи Засгийн газрын удирдамжид хэвийн нөхцөл байдалдаа эргэн орохын өмнө хоёр долоо хоног гаруйн турш халдварын тохиолдлын тоо буурсан байх нөхцөлийг тусгасныг онцлоод, үүнийг үл тоомсорловол халдварын тархалт хяналтад авах боломжгүй хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ