"Алтан цацал" хоршоо хаврын тариалалтаа эхлүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-13 15:54:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний "Алтан цацал" хоршоо 18 дахь хаврын тариалалтаа эхлүүллээ. Нийт 9,5 га талбайтай тус хоршоо энэ жил 6,5 га-д төмс, бусад талбайд хүнсний ногоонууд мөн хүлэмжийн 560м2 талбайд нарийн ногоо тариалахаар төлөвлөжээ. 

Сүхбаатар аймгийн тариаланчид дотоодын хэрэгцээнийхээ 40 гаруй хувийг хангадаг бол үүний 10 гаруй хувийг "Алтан цацал" хоршоо дангаараа бүрдүүлдэг. Аймаг орон нутгийн үе үеийн удирдлагууд газар тариалан эрхлэгчдийг дэмжиж ирсэн. Энэ жил гэхэд тус хоршооны сонгинын тариалалтад төрөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ. Учир нь зөвхөн сонгиныг нэг га талбайд тарих бөгөөд аймгийн хэмжээнд анх удаа ингэж их хэмжээгээр тарих гэж байгаа юм байна. 

Газар тариалангийн салбарт ороод 20-иод жил болж байна. Энэ жил 18 дахь хаврын тариалалтаа манай хамт олон эхлүүллээ. Хүнсний ногоо бол ард иргэдийн гол хэрэглээ. Аймгийн иргэдийн дунд хамгийн түгээмэл байгаа өвчлөлийн хоёрдугаарт хоол боловсруулах замын өвчин орж байна. Тиймээс иргэд эх орон, орон нутгийнхаа хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоог хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл хүнсээр хангах хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгүүд орон нутгийн тариаланчдаа дэмжиж, эрүүл хүнсний ногоог авч хэрэглээсэй гэж хүсдэг. Харамсалтай нь энэ ажлын хэрэгжилт одоогоор орон нутагт тийм ч хангалттай байж чадахгүй байна. Мөн энэ салбарыг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж, тодорхой хөрөнгө мөнгийг төсөвлөдөг байх ёстой. Хэдий өөр өөрсдийн хэмжээнд дэмжиж ирсэн ч энэ нь хангалтгүй байна гэж манай тариаланчид үздэг хэмээн "Алтан цацал" хоршооны менежер Л.Халтар хэллээ. 

Тус хоршоо нь орон нутгийн таван иргэнийг тогтмол ажлын байраар хангадаг аж. 


Холбоотой мэдээ