Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-05-14 13:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр маргааш өдөр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.


Мөн Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөө шөнө, төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр энэ сарын 15-нд, нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар 16,17-нд цас хайлмагтан орж хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг  анхаарууллаа. 


Энэ сарын 16-наас үзэгдлийн эрч хүч нь буурах хэдий ч зүүн гурван аймгийн нутгаар энэ сарын 16-17-нд үргэлжлэн хур тунадас орж, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурах тул урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна. 


Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдэл нь 2008 оны 5 дугаар сарын 26-27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар болсон онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэлтэй эрч хүч, хамрах хүрээний хувьд төстэй байна.  Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллага уг гамшигт үзэгдлээс  урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг 48-72 цагийн өмнөөс авч ажиллаж байсан хэдий ч 52 хүний амь нас эрсдэж, 382 000 мал хорогдож, эрчим хүчний 62 шон, холбооны 668 шон унаж, 110 гэр нурж, барилгын дээвэр олноор  хуурч эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Энэ нь байгалийн давагдашгүй гамшиг байсан хэдий ч иргэдийн анхаарал, сэрэмжгүй, хэнэггүй байдал амь насаа алдах гол шалтгаан болсон гэж  Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ