ДЭМБ-ын 73 дугаар ассамблейд 194 орны төлөөлөгч цахимаар оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-19 13:05:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамблейд 194 орны 3000 гаруй төлөөлөгч цахимаар оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсад коронавирусний халдварын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авах чиглэлийн талаар өнөөдөр өглөөний 8 цагт илтгэл тавьжээ.

Уг хурлыг нээж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гейбрейсус хэлэхдээ, “Коронавирустэй тэмцэх шидэт арга одоогоор бидэнд алга байна. Гар барих төдийд л амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч гэсэн чимээгүй ажилласаар л байна. Тиймээс бид сонор сэрэмжээ огт алдаж болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа маш чухал” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар үг хэлж “COVID-19” халдварыг хамтын хүчээр давах, халдварын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн байна.  


Холбоотой мэдээ