Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 22.2 хувиар өсжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-21 13:29:33

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бусад аймагтай харьцуулахад харьцангуй их. Тэр дундаа малын хулгайн гэмт хэрэг зонхилох хувийг эзэлдэг байсан бол энэ оны 5 дугаар сарын эхний хоногийн байдлаар өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар буурчээ.

Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийн талаар Төв аймаг дах Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, Цагдаагийн ахмад Ч.Баяртогтохоос  тодрууллаа.


- Малын  хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэр байгаа вэ?

- Манай аймагт 5 дугаар сарын эхний 7 хоногийн байдлаар  мал хулгайлах гэмт хэрэг 55 бүртгэгдсэн  өмнөх оны мөн үеэс 16 нэгжээр буюу 22.5 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт 48.1 хувь буюу өнгөрсөн оноос 22.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд долоон бүлэг 43 этгээдэд холбогдох 643 сая төгрөгийн хохиролтой 62 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ онд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 34 холбогдогчтой дөрвөн бүлэг этгээдэд холбогдох 33 удаагийн үйлдлээр 140 адуу, 23 үхэр, нийт 163 толгой бод мал хулгайлан бусдад хохирол учруулсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Төв аймагт малын хулгай буурч байгаа гол хүчин зүйл юу вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт нь шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял өөрчлөгдөн, оногдуулах ял шийтгэл хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймгийн Онцгой комиссоос тодорхой хугацаанд хөл хорио тогтоосонтой холбоотой буурч байгаа гэсэн урьдчилсан дүгнэлттэй байна.

-Малын хулгай  ямар сумдад их  бүртгэгдсэн байгаа вэ?

-Манай аймгийн хувьд газар нутгийн байршлаас шалтгаалаад засмал зам дагуу ойрхон байдаг Аргалант, Баянхангай сумын нутгаас 19 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлагдсан. Мөн Сэргэлэн сумын нутгаас есөн удаагийн үйлдлээр 12 бод мал хулгайлсан хэрэг, Баяндэлгэр сумын нутгаас 57 хонь хулгайлсан гэх мэт холбогдох хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

-Иргэд малын хулгайчаас сэргийлэхийн тулд ямар ажил хийвэл гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байх вэ?

-Ард иргэд маань бод малыг хариулга маллагаатай байлгах, туслах малчин авч ажиллуулахдаа хүнээ зөв сонгох, адуунд GPS суурилуулж, тамга тэмдэгтэй болговол малын хулгайн эрсдэлээс сэргийлнэ. Мөн малчдын бүлэг үүсгэж, малаа гэмт халдлагаас хамгаалах, бэлчээр, усаа хамгаалах нь хамгийн зөв арга юм. Түүнчлэн иргэд малаа зурагжуулвал эрэл хайлт хийхэд маш их хөнгөвчлөх юм. 


 

Холбоотой мэдээ