Энэ сард 900 орчим иргэнд газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:29:41

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын газрын нөөц харьцангуй багассан ч энэ хаврын газар олголтонд өргөдлөө өгснө иргэдийг бүрэн хамруулахаар зорьж байгаа аж. Газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах юм.

Иргэдэд Арвайхээр сумын зүүн хэсэг Цагаанхаалга буюу төв магистралт замын хойно, өмнө хэсэгт 37 нэгж талбарт олгож байна.

Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг энэ хаврын газар олгох үйл ажиллагааг хариуцан ажиллаж, нийт 837 иргэнд газар олгохоор төлөвлөсөн байна. 5 сарын 4-ний байдлаар 360 гаруй иргэн газраа өмчилж аваад байгаа ба өмнө нь газар өмчилсөн иргэд заасан хугацаанд хашаагаа барьж чадаагүйгээс шалтгаалж газраа буцааж хураалгах тохиолдол их гардаг байсан бол одоо эргэлтийн цэгийг тогтоож өгдөг болсноор эдийн засгийн боломжтой болсон үедээ хашаагаа барьж, буцаан хураалгах явдал багассан гэдгийг тус албаныхан хэлж байв.

Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Арвайхээр сумын Газрын албанаас хавар, намар хоёр удаа газар олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ