Б.Цээпилдорж: Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг нь миний амжилтын үндэс

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-05-22 13:23:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийнхаа ирээдүйн хөгжлийг төсөөлөн төлөвлөж, иргэн бүрт баялгийг атгуулах чин сэтгэл өвөртлөн яваа Б.Цээпилдорж бол монтёроос ажил амьдралын гараагаа эхлүүлсэн хоёр дахь үеийн төмөр замчин юм. Тэрээр гэр бүлээрээ үе уламжлан ажилласан төмөр замчдын нэг аж. Төмөр зам хэмээх дэг журамтай, нарийн чанд сахилга баттай байгууллага түүнийг алсын хараатай, авьяаслаг удирдагч болгон төлөвшихөд түлхэц өгчээ. Ингээд үргэлж шинийг сэдэж, аливааг санаачилж явдаг Цээпилдорж эрхэмтэй хөөрөлдсөн юм.


-Таны ажил амьдралын гараа төмөр замын монтёроос эхэлсэн гэсэн. Энэ сайхан гэгээн дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Төмөр зам гэдэг яг л вант улс юм. Гэр бүлээрээ үе уламжлан ажилласан төмөр замчин олон бий. Би ч мөн тэдний адил хоёр дахь үеийн төмөр замчин. 1983 онд цэргээс халагдаж ирэхэд манай гэрийнхэн Зүүнхараад ажиллахаар суурьшсан байлаа. Шинэ газар дасахгүй, нийслэл рүүгээ буцчихмаар санагдана. Гэвч бидний үеийнхэн аав, ээжийнхээ үгнээс гарахгүй шүү дээ. Удалгүй Улаанбаатар төмөр замд монтёроор ажилд орсон. Хамт олон маань халуун сэтгэлээр тосч авсан. Дараа нь Төмөр замын техникум төгсөөд механикч боллоо. Сэлэнгэ нутгийн сайхан бүсгүйтэй ханилж, гал голомтоо бадраан гурван хүүхдийн эцэг, эх болцгоосон.

-“Төмөр зам бол вант улс” хэмээн та хэллээ. Ажил тань хувийн сахилга бат, хүмүүжилд хэр нөлөөлсөн бэ?

-Залуу насанд буруу зам руу хазайвал хазайчихаар үе байдаг. Төмөр замд ажилласнаараа тэр бүхнээс холуур өнгөрсөн. Ер нь төмөр зам хүнийг хүмүүжүүлж чаддаг газар. Би өглөө бүр яг цагтаа ажилдаа очдог. Цагийг үр дүнтэй ашиглах, бүтээмжийг бий болгох ухааныг төмөр замаас л олж авсан. Цэргийн даргын командад явсан хүн дахиад хагас цэрэгжилтийн байдалд ажиллаад ирэхээр тэндээс олж авсан хүмүүжил нь амьдралын зарчим болчихож байгаа юм. Энэ бол миний амжилтын үндэс суурь гэж боддог.


Хийж, бүтээх 110 хоногийн зарчим

-Зүүнхараагийн төмөр замаас өнөөгийн энэ туршлагатай сайн дарга, удирдагч, манлайлагч, бүтээн байгуулагч болох хүртэлх урт замыг хэрхэн туулав. Саад бэрхшээлтэй нүүр тулж, бүдрэх үедээ бүдэрч, босох цагтаа босч л явсан биз ээ?

-Улстөрийн замд амаргүй зүйлтэй олон удаа нүүр тулсаан. Би өөрийгөө хэзээ ч зүгээр суулгадаггүй. Хийж, бүтээнэ гэдэг бол миний баяр баясгалан. Шүүмжлэл сонсох зэрэг бол байх л зүйл. “Би үүнийг бүтээчихсэн шүү” гэх мэдрэмж л хамгийн дээд сэтгэл ханамж юм шүү дээ. Би бизнесийн салбарт 14 жил, төрийн албанд 20 гаруй жил ажилласан. Би хүмүүсийн амарч зугаалдаг долоодугаар сард амралтаа авч огт үзээгүй. Өвлийн эхэн, 11 дүгээр сард ургацаа хурааж дуусаад, өвөлдөө бэлтгэчихээд нэг их тайван болсон үедээ л амралтаа авдаг. Миний хөдөлмөрийн түүх ерөөсөө л ийм. Үүнийгээ би “110 хоногийн зарчим” гэж тодорхойлдог юм.

-“110 хоногийн зарчим” гэнэ ээ. Маш их сонирхол татаж байна. Үүнийгээ тодруулна уу?

-Таваас есдүгээр сар хүртэлх 110 хоногийг ашиглаж чадсан хүн л хождог. Энэ чухал өдрүүдэд голын эрэг дээр майхан бариад тансаглаад хэвтдэг дарга нарыг би ойлгодоггүй. Үүний оронд нутагтаа зам харгуй барьж, барилга байшин, бүтээн босголтын ажлууд хийх хэрэгтэй. Учир нь, бид өвөл юу ч хийж чаддаггүй. Тиймээс дөрөвдүгээр сард бүх ажлаа эхлүүлээд, өвлийн бэлтгэлээ базаачихаад 11 дүгээр сард амарч баймаар санагддаг.


Жижиг дунд үйлдвэрүүд бий болгож, дэмжих хэрэгтэй

-Та бол суманд таван давхар барилга барихаар зориглосон анхны хүн. Орон нутгийн иргэдийн худалдан авах чадвар хэр вэ? Суманд барилга бариад, ашигтай ажиллаж чадав уу?

-Би гурван давхар барилга барихаар төлөвлөсөн. Сумдын Засаг дарга нар нь таван давхар байшин бариад өгөөч гэж гуйгаад байсан юм л даа. Суманд таван давхар барилга барьчихаар хонин дотор тэмээ явж байгаа юм шиг содон харагддаг юм билээ. Мөнгөө төлөөд орон сууцанд орох хүн орон нутагт ховор шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар маш тааруу. Шаамар, Баруунхараа, Цагааннуур зэрэг мөнгөтэй газрыг нь сонгож барьсан боловч худалдан авалт муу байлаа. Шатсан даа, шатсан. Гэсэн хэдий ч хөдөө, орон нутагт орон сууц барина л гэж боддог. ТОСК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа түрээсийн худалдан авалт болон бартерийн зарчмыг ойлгосон юм. Тиймээс малчид мал, мах, сүүгээрээ, тариаланчид төмс, хүнсний ногоогоороо бартер хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. МАН “Та нийгмийн даатгал төлдөг бол байртай болж чадна” гэсэн шалгуур тавьж байна. Энэ бол хөдөө, орон нутагт хэрэгжих боломжгүй шалгуур. Тэгэхээр орон нутгийн онцлогийг харгалзан үзэж, иргэдийг орлоготой болгох асуудал нэн түрүүнд яригдана. Тухайлбал, Сэлэнгэ аймаг тэр аяараа газар тариалангийн бүс нутаг шүү дээ. Нийгмийн даатгалын орлогогүй газар тариалангаараа явдаг тэр хүмүүс яах юм бэ. Тиймээс нэн тэргүүнд иргэдээ хөрөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.      

-Иргэдийг хэрхэн яаж хөрөнгөжүүлэх вэ? Бодит ажил хэрэг болсон нь үгүй юм шиг. Таны бодлоор?

–Өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрүүдийг бий болгож, дэмжих хэрэгтэй. Жишээ нь, Зүүнхараа болон Сэлэнгийн оёдлын үйлдвэрүүдийг олон улстай холбох гүүрийг би тавьсан. Дэлхийд нэртэй “Хү” хамтлаг цахим орчинд 360 сая дагагчтай, 320 мянган гишүүн бүхий фэн клубтэй. Тэр клубийн подвалкийг Сэлэнгийн оёдлын үйлдвэрүүдээр оёулах гэж байна. Тэд нэг сая подвалк захиалбал манай аймагт хоёр тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. Иймэрхүү  маягаар жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлсэн хэлбэрээр байгуулж, үрийн санг бий болгох хэрэгтэй. Жишээ нь, ганц тахиа гэлтгүй нугас, галуу үржүүлэх, сүү, ногоо, мах, зөгийн балаа боловсруулах жижиг үйлдвэрүүд бий болгох замаар өрх бүрийг хөдөлгөж болно. Дамжлагаар шийдвэрлэж өгвөл олон хүн ажилтай болно. Нэг нь малаа маллаж, нөгөө нь боловсруулж, гурав дахь нь зардаг байх жишээтэй. Том үйлдвэр барья гэхэд улс хоёрхон үйлдвэр дээрээ махийж байна шүү дээ. Дэлхийг хамарсан энэ цар тахлын үед эдийн засаг уруудах нь тодорхой. Ийм үед иргэд идэж, уух юмтай л байвал хямралд өртөхгүй. Сэлэнгэ аймаг хүнсний чиглэлээрээ л хөгжинө. Манайд бүх зүйл бий. Түүнчлэн зөгийн аж ахуй аль ч талаараа маш ашигтай. Зөгийн нэг инкубаторт 150 бүл зөгий орно. Гаднаас зөгийн бал орж ирэхгүй л болгочих хэрэгтэй. Тэгээд л сыр буюу бяслаг боловсруулах үйлдвэр, арьс ширний үйлдвэр, сүү, цагаан идээний гэх мэтчилэн байгуулах л хэрэгтэй. Үүнд их мөнгө орохгүй. Зөв зохион байгуулалт л чухал.

-Таныг аймагтаа малын тэжээлийн үйлдвэр барих гэж байгааг тань сонссон. Тэр талаараа сонирхуулаач?

-Би Сэлэнгэд малын тэжээлийн дөрвөн үйлдвэрийг оросуудтай хамтарч барих гэж байна. Зургаадугаар сард ашиглалтад орно. Ширхэг будааг тав дахин үржүүлдэг. Попкорн гээд хүүхдүүд идээд байдаг даа. Түүнийг малд өгвөл сүүний гарц 30-40 хувь, мах 35-45 хувь нэмэгддэг. Хөтөл, Баруунхараа, Мандал сум болон аймгийн төвд энэ ажлыг хийнэ. Хөтөл тэргүүтэй баруун таван сумыг, Зүүнхараа Улаанбаатарын сүүний 50 хувийг, Баруунхараа нь Төв аймаг болон Дарханы фермерүүдийг, аймгийн төв нь тэр орчмоо тус тус хангах юм. Ингээд малын тэжээлийн үйлдвэр байгуулагдаад мах, сүүний гарц нэмэгдэхээр малчдын орлого нэмэгдэнэ. Сүү олдоцтой байвал сыр гэж нэрлэдэг бяслаг хийж эхлэх хэрэгтэй. Махыг мах өөх, мах өөх гэж ангилдаг болно.            

-Сэлэнгийнхэн хөдөлмөрч улс. Газрын шим нь ч байна. Менежментийг нь зөв хийгээд зохион байгуулалт, эрх зүйн орчныг нь бүрдүүлчихвэл таны яриад байгаа зүйлс бодит ажил хэрэг болох боломжтой санагдаж байна?

-Эрх зүйн орчин, хууль энэ тэр батлах шаардлага байхгүй. Би заримдаа хулгайч шиг айлын хашаа руу өнгийж явдаг юм. Ногоо тариагүй айл руу яваад орно. Хашаан дотроо том талбайтай, хоёр залуу гэртээ хэвтэж байдаг. Юу хийж байна гэхээр “Модондоо яваад л” гэдэг. Би багийн даргад нь “Трактораар газрыг нь хагалаад өг. Тэгээд үрийн зээл өг, намар хураасан ногооноос мөнгийг нь аваарай” гэсэн даалгавар өгдөг. Хэд хоногийн дараа яваад очиход өнөө хоёр ногоогоо услаад зогсож байх жишээтэй. Гэхдээ бас “Ногоогоороо олигтой мөнгө олохгүй бол битгий тарь. Тарьж байгаа бол үр дүнтэй тарь. Үрийн шинэчлэлээ сайн хийх ёстой” гэх мэтчилэн сургана. Бид үрийн шинэчлэл сайн хийсэн. “Цээпил даргын үр хаана байна” гээд сураглаад орж ирсэн түүх ч бий.

Мөн малын ашиг шимийг сайжруулах олон ажил зохион байгуулж, Германаас хоёр сайхан бух авч ирсэн. Хоёр жил ашиглаад бухаа солихгүй бол цус ойртчихдог. Тиймээс хоёр жил тутамд бухаа шинэчилж байна. Сайн чанарын мах, сүүтэй үхрүүд бий болж байгаа юм. Тариаланчдын хувьд техникээс өөр зүйлгүй эхэлж байлаа. Атрын хоёрдугаар аян явагдаад шахааны муу үрийг устгаж, сайн чанарын үр нийлүүлэн, үрийн шинэчлэл хийсэн. Га-гаас авах центрүүд нэмэгдсэн. Ийм ажлуудыг тогтмол хийдэг. Сүүлийн жилүүдэд цаг агаар сайхан байна. Үүл буудаж байгаа нь үр дүнгээ их өгсөн. Тавдугаар сард ганц нэг буудсанаар түймэр болон ногооны гарцад их сайн нөлөөллөө.

-Таныг ажилчин шоргоолж шиг хөдөлмөрлөдгийг Сэлэнгэчүүд андахгүй. Таны гол баримталдаг зарчим юу вэ?

-Миний ажлын нэг зарчим бий. Эхлээд мөнгөгүйгээр юу хийж болох, дараа нь сумын мөнгөөр юу хийж болох, аймгаас ямар дэмжлэг авах, цаашлаад улсаас хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдгийг бодлогоор төлөвлөдөг юм. Ингэж байж л сум, орон нутаг маань хөгжинө. Сэлэнгийн хувьд газар тариалан байгаа цагт мөнгө олж, босгож болно гэж би ам бардам хэлье. Хөгжлийн гол хүчин зүйл бол иргэн. Иргэдээ хөгжүүлэх асуудал чухал. Мөн хуримтлал үүсгэж байгаарай гэж ард иргэддээ захимаар байна. Та ашгийнхаа 20-30 хувийг далд хийгээд байхад л болно. Өвчин зовлон тохиолдох бэрхшээлийг алийг тэр гэх вэ. Эрүүл саруул байхад бүх зүйл боломжтой. Тиймээс хуримтлал үүсгээрэй.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн Mанд баярлалаа.

Холбоотой мэдээ