Мөнгөнморьт суманд хүрэн баавгай агнасан хэргийг шалгаж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-25 09:24:45

 

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ховор амьтанд багтсан хүрэн баавгай агнасан хэргийг дахин илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр  Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Ар минж" гэх гэзраас С, Н нар бүлэглэж 1 тооны хүрэн баавгай буудаж агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан нь илэрсэн тохиолдолд дараах хуулийн хариуцлага хүлээнэ.

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  “Захарын даваа” гэх газраас 3 тооны хүрэн баавгайг агнаж, 12 ширхэг сарвууг /тавхай/ хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж байсан.


Холбоотой мэдээ