Орон нутгийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-27 12:31:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Орон нутгийн мал эмнэлгийн нэгжийн чадавхийг сайжруулах арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасаг, нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өглөө.

ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд үүссэн цаг үеийн нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бэлтгэл бэлэн байдлыг хангахад зориулан мал эмнэлгийн тасаг нэгжүүдийг мотоциклээр хангаж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт аймгийн удирдлагууд мотоцикл болон ажлын хэрэгцээнд шаардлагатай зөөврийн компьютер, бичгийн ширээ зэргийг хамтад нь гардуулан өгсөн байна.

Энэ үеэр Зүүнбүрэн сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Г.Отгонжаргал: “Малын халдварт өвчин тухайлбал шимэгчигдэх өвчний урьдчилан сэргийлэх ажлыг ид явуулж байгаа энэ үед малын эмч нарыг унаажууллаа. Энэ үйл ажиллагаа цахим системд бүртгэгдэж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэхэд энэхүү олгож байгаа мотоцикл үр дүнгээ өгч, салбарын ажилд ахиц гарах байх гэж бодож байна. Мөн мэргэжлийн зүгээс малчиндаа хүрч үйлчлэх хэрэгсэл боллоо” хэмээн ярилаа.

Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймгийг үхрийн сүрьеэ болон ликоз өвчингүй тайван аймаг хэмээн зарласан. Энэ ч утгаараа 2019, 2020 оны ажил үйлсээрээ улсдаа тэргүүлсэн Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын хамт олон эл амжилтаа бататгахад үр нөлөөгөө өгөх ажээ. 

Холбоотой мэдээ