Трамп Хятадад хориг арга хэмжээ авах талаар удахгүй мэдэгдэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-27 11:26:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй талаар ойрын өдрүүдэд мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.


"Бид одоо ямар нэгэн зүйл хийж байгаа. Энэ та бүхэнд маш сонирхолтой санагдах байх гэж бодож байна. Гэхдээ би энэ талаар өнөөдөр ярихгүй, энэ тухай хэд хоногийн дараа ярина" гэж Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.


Түүнээс эдгээр арга хэмжээнд Бээжинд хориг тогтоох талаар оруулсан эсэхийг тодруулахыг хүсэхэд, "Та бүхэн энэ талаар энэ долоо хоногийн сүүлчээр сонсоно. Энэ маш хатуу арга хэмжээ байх болно" гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн хариулжээ.


БНХАУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуулийг ашиглан "үнэн хэрэгтээ Хонконгийг эзлэх гэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен өмнө нь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, үйл явдал цаашид ингэж өрнөсөн тохиолдолд Хонконг өөртөө засах ихээхэн эрх хэмжээгээ хэвээр хадгална гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баталж чадахгүй бөгөөд хэрэв ийм зүйл болбол Хонконг болон Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авна.


Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль боловсруулах тогтоолыг Бээжин хотод болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы (хууль тогтоох дээд байгууллага) хэлэлцэх асуудлуудад оруулсан юм. Энэ зорилгоор Хятадын эрх баригчид Хонконгт аюулгүй байдлын онцгой байгууллагууд байгуулах боломжийг судлах аж.


Энэхүү хуулийн төсөл нь барууны орнууд болон Хонконгийн сөрөг хүчнийхнийг дэмжигчдийн түгшүүрийг төрүүлсэн юм. Тэд шинэ хууль нь Хонконгийн ардчилсан эрх, эрх чөлөө, бие даасан байдлыг дээд зэргээр баталгаажуулсан "нэг улс-хоёр тогтолцоо" зарчмыг зөрчсөн гэж үзсэн байна. Харин Хонконгийн удирдлагууд уг санаачилгыг дэмжсэн бөгөөд иргэдийнх нь хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ