Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-27 14:16:04

Төв /МОНЦАМЭ/ Энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багын нутаг дэвсгэр “Улаан Ухаа” хэмээх газраас Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум илрүүлсэн байна. 

Энэ тухай холбогдох газарт дуудлага өгсний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд тухайн газраас ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалтай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 4 см-ын өргөн 30 мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэг тус тус илрүүлсэн байна.

Мөн 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд  Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаан үргэлжлүүлж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоо амьдарч байгаа иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Ийнхүү албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул 5 дугаар сарын 14-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбатыг Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнажээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.



 

Холбоотой мэдээ