“Автомашингүй Залуусын гудамж”-тай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Ерөнхий архитектур н.Эрдэнэбаяр, Ерөнхий эдийн засагч П.Батсүх, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батсүх нар “Жишиг хороолол 4 төсөл”-ийн хүрээнд Дархан сумын 16 дугаар багт хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудтай газар дээр нь явж танилцав.
Энэ ажлын хүрээнд тус багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн газруудад явган хүний болон унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ багт аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар “Автомашингүй Залуусын гудамж”-ыг эхлүүлж энэ ондоо багтаан дуусгах юм. Байруудын дунд байрлах ил задгай хогийн савыг сүүлийн үеийн, өнгө үзэмжтэй шийдэл бүхий битүү савуудаар сольж байршуулна.
Уг ажлыг Дархан хотод “Хог боловсруулах үйлдвэр” барих “Тахько” ХК хөрөнгө оруулалт хийж дэмжиж ажиллахаар болж эхний ээлжид зориулалтын 12 ширхэг битүү хогийн савыг НААҮГ-т өгч ирэх долоо хоногт багтааж байршуулахаар боллоо.
Б.Норовсамбуу