Ундны усны аюулгүй байдлыг хангах төсөл эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-05-27 16:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүрэг олон улсын "Гүүд Нэйборс" байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай “Good Water” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд "Гүүд Нэйборс" байгууллага 200 сая төгрөгийн санхүүжилтээр Налайх дүүргийн 1, 4, 7 дугаар хороонд нийт 4 ширхэг, орчин үеийн стандартад нийцсэн ухаалаг худгийг шинээр гаргаж, ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм. Харин Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар Орон нутгийг хөгжүүлэх сангийн 183 сая төгрөгийн санхүүжилтээр худгийн ус хадгалах нөөцийн сав 24 ширхгийг суурилуулах, мөн 30 сая төгрөгийн үнэ бүхий бохир ус зөөвөрлөх автомашиныг дүүргийн хэрэгцээнд худалдан авах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён нар гарын үсэг зурав. Дүүргийн ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх дээрх төсөл үр дүнгээ өгч иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцлоод төслийг хугацаанд нь үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ