Венесуэл алтаар хоол хүнс, эм тариа худалдан авахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-28 13:36:20

МОСКВА. /TASS/. Венесуэлийн эрх баригчид Английн банканд хадгалагдаж байгаа алтаараа хоол хүнс, эм тариа авах санхүүжүүлэлтийг хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрчээ.


Венесуэл Английн банканд хадгалуулж буй 1 тэрбум гаруй ам.долларын алтан гулдмайгаа эргүүлэн авахын тулд тус банкийг Лондоны шүүхэд өгсний дараахан энэхүү гэрээг коронавирустэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан гэж “Reuters” агентлаг Венесуэлийн Төв банкны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилсан байна. 


Тус агентлагийн мэдээлж буйгаар, нөхцөл байдал ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэж Венесуэлийн Төв банкны төлөөлөгч үзэж байгаа аж. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үе шатанд авлигын эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санхүүжилтийг шууд хийх гэнэ.


“Reuters” агентлаг энэ талаар НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон Английн банкнаас тайлбар авч чадаагүй байна.


Венесуэлийн эрх баригчид алтаа эргүүлэн авах хүсэлтийг Английн банканд дөрөвдүгээр сард тавьжээ. Тус банканд Венесуэлийн нийт 31 тонн алтан гулдмай хадгалагдаж байгаа ажээ. Венесуэлийн Засгийн газар алтныхаа талыг эргүүлэн авахыг хэд хэдэн удаа оролдсон боловч банк татгалзсан хариу өгсөн байна. Тухайлбал, 2018 онд хүсэлт гаргасан боловч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро "улсын алтыг замаас нь авч", хувийн ашиг сонирхолдоо ашиглаж магадгүй гэж болгоомжлон тус улсын 420 сая фунт стерлингийн алтан гулдмайг буцааж өгөхөөс татгалзаж байжээ.


Холбоотой мэдээ