Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-02 10:13:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д одоо болж буй үймээн самуун бол тайван жагсаал биш, харин дотоодын терроризм юм гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хэдэн өдөр болсон эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдалтай холбогдуулан ард иргэддээ хандан даваа гаргийн орой үг хэлэхдээ мэдэгджээ.


“Линкольны хөшөө дурсгал болон Дэлхийн хоёрдугаар дайны дурсгал соёлыг сүйтгэгчдийн гарт өртлөө. Энэ бол тайван жагсаал биш, энэ бол дотоодын террорист ажиллагаа юм. Гэм зэмгүй хүмүүсийг хөнөөх нь хүн төрөлхтний болоод Бурханы эсрэг гэмт хэрэг юм” гэж Трамп хэлсэн байна.


“Жорж Флойдын үхэлд бүх Америк даяар гашуудан, жигшин эсэргүүцэж байна. Америкийн засаг захиргаа шударга ёс ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэвч бид тайван жагсаалыг үймээн самуун болгож хувиргахыг зөвшөөрөхгүй. Дээрэм тонуулын хамгийн том хохирогчид нь манай эе эвийг хичээгч иргэд болж байна. Би тэдний аюулгүй байдлын төлөө тэмцэх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.


“Гэвч сүүлийн өдрүүдэд манай улсыг мэргэжлийн анархистууд, дээрэмчид, гэмт хэрэгтнүүд, “Антифа” /Америкийн фашистуудын эсрэг хөдөлгөөн/ эзлэн авсан. Зарим муж улс, орон нутгийн удирдлагууд оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч чадахгүй байна" гэж тэрбээр мэдэгдэв.


Үймээн самууныг зогсоох арга зам

Сүүлийн өдрүүдэд томоохон үймээн самуун болсон газруудад АНУ-ын Засгийн газар хууль, дэг журмыг сэргээхийн тулд үндэсний зэвсэгт хүчнийг ашиглахад бэлэн байна гэж Трамп мэдэгдлээ.


“Би үймээн самуун, дээрэм тонуулыг зогсоож, хууль дээдлэгч америкчуудыг хамгаалахын тулд Холбооны улсын иргэний болон цэргийн бүхий л нөөц бололцоог дайчилна” гэж тэрбээр мэдэгдэв.


Муж улсуудын захирагч нарт гудамжинд үүсээд буй нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд Үндэсний гвардын цэргийг оролцуулахыг зөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. “Хэрэв хот эсвэл муж улсуудын захирагч нар оршин суугчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авахаас татгалзвал би АНУ-ын зэвсэгт хүчнийг байрлуулж, энэ асуудлыг хурдан шийднэ” гэж Трамп нэмж хэлжээ.


Трамп бослого хөдөлгөөнийг дарахын тулд улс орныхоо нутаг дэвсгэрт цэрэг байрлуулах АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зохицуулдаг 1807 оны “Бослогын тухай” хуулийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх талаар Трамп сүүлийн өдрүүдэд удаа дараа ярьсан байна.


Нийгмийн дэг журмыг сахиулахад Үндэсний гвардын цэргийг оролцуулах шийдвэрийг өнөөдрийг хүртэл муж улсуудын захирагч нар гаргасаар иржээ. 


Урьд нь энэ хуулийг 1968 онд Мартин Лютер Кингийг алагдсаны дараа дэгдсэн эмх замбараагүй байдал болон 1992 онд Лос-Анжелест гарсан үймээн самууныг дарахад ашиглаж байжээ. 


Африк гаралтай иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсан явдлын улмаас АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.

Холбоотой мэдээ