Эрх баригч намын нэр дэвшигчдийг Хархорин захад мэтгэлцэхийг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-08 12:44:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа О.Магнай, П.Цэцэгмаа, Г.Очирбат нар эрх баригч намын нэр дэвшигчидтэй мэтгэлцэхээр Хархорин захад урьж буйгаа өнөөдөр мэдээлэв.


Сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоноход, АН-ын нэр дэвшигчид 28 дугаар тойргийн 11 хорооны 5-6 мянган иргэн, сонгогчтой уулзжээ. Нэр дэвшигч О.Магнай, "Иргэдийн болон эрх баригчдын ярьж байгаа зүйл алд зөрүүтэй байна" хэмээн тодотгоод, телевизийн эфир гэхээс илүүтэй Хархорин зах дээр лхагва гарагийн 12.00 цагт 28 дугаар тойрогт эрх баригч намаас нэр дэвшигчдийг мэтгэлцээнд урьж байгаагаа дуулгалаа. Тэрбээр, "Улс төрийн сонгуульд иргэдийн сонголт тодорхой байх ёстой. Нэр дэвшигчид ширээний ард суугаад асуудлыг хоёр талаас нь, бодитой ярих нь иргэдийн сонголтод тус дэм болно" хэмээв. 


Нэр дэвшигч П.Цэцэгмаа, "Сонгинохайрхан дүүрэг 121 мянган сонгогчтой. Олон сонгогчдод нэгэн зэрэг, үнэн бодитой мэдээлэл хүргэх сайн арга нь мэтгэлцээн гэж бид сонгосон. Ирэх дөрвөн жилд хэн, ямар бодлогоор, улс эх орныхоо тулгамдсан асуудлыг хөгжлийн гарцтайгаа хэрхэн шийдэх вэ гэдгийг өрсөлдөж байгаа намууд харьцуулж, иргэдэд зөв ойлголт өгөх шаардлагатай" гэлээ. "Мөнгөөр биш, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдье. Ингэхдээ мөрийн хөтөлбөрийнхөө зүйл, заалт бүрээр харьцуулъя" хэмээн нэр дэвшигч Г.Очирбат уриалав.

Холбоотой мэдээ