Будах, нарийн ээрэх үйлдвэрийн төслийг ХХААХҮ-ийн сайдад танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-10 17:48:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын Текстилийн инженерүүд эрдэмтдийн нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтад ХХААХҮ-ийн сайдын Зөвлөх Р.Жадамбаа, НБТГ-ын мэргэжилтэн В.Болормаа, ХҮХБЗГ-ын мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Монголын Текстилийн инженерүүд эрдэмтдийн нийгэмлэгийн тэргүүн Ч.Түмэнбаяр, УЗ-ийн гишүүн Ц.Цогбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарзаяа нар оролцож текстилийн салбарыг цаашид хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа будах, нарийн ээрэх үйлдвэрийн төслийг салбарын сайдад танилцуулав.



Уг үйлдвэр ноос, ноолуур болон хөвөн, торгон ширхэгт боловсруулж жилдээ 311,7 тонн нарийн ээрмэл, 672 мянган метр даавуу үйлдвэрлэх бөгөөд будах, ээрэх үйлдвэрийг түшиглэн сүлжмэл, нэхмэл, оёмол хувцасны үйлдвэрийн кластер хөгжинө гэж үзэж байна.


Түүнчлэн ээрмэл утас, бүх төрлийн ноос, ноолууран хувцас, ороолт, малгай, оёмол хувцас гэх мэт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брэндийг бий болгохоор зорьж байгаа аж. Төслийн санхүүжилтэд 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулсанаар жилд 5,7 сая ам.долларын ашигтай ажиллаж, улсын төсөвт  9,3 сая ам.долларын орлогын албан татвар төлж, 1000 орчим ажлын байр бий болно гэж  тооцжээ. 



ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, цаг үеэ олсон төсөл болж байгааг тэмдэглээд, яамны зүгээс судалж, нийгэмлэгтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр "Нэгдсэн бодлогын төлөвлөлтийн газар, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар төслийг судалж, хариуцан ажиллана. Яамнаас бодлого гаргаад, Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийн зорилттой уялдуулах нь зүйтэй юм. Гүн боловсруулалтаа ахиулаад кластер хэлбэрээр боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр, утсаар хангах нь бидний зорьж байгаа гол асуудал. Та бүхний санал, бидний бодлого зорилго нэг чигт байна. Яамнаас мэргэжлийн холбоодтойгоо хүчээ нэгтгэж, хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тэмдэглэв.

Холбоотой мэдээ