Испаничуудын 70 хувь нь хязгаарлалтыг сулруулах эцсийн үе шатанд шилжиж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-15 12:01:09

МАДРИД. /TASS/. Испанийн хүн амын 70 орчим хувь нь коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтыг сулруулах эцсийн үе шатанд даваа гаргаас эхлэн шилжинэ. Тухайн бүс нутаг, мужийн нөхцөл байдлаас шалтгаалан хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ өөр өөр байна гэдгийг тус улсын эрх баригчид анхааруулжээ.  


Испанийн Засгийн газар тэгээс гурав хүртэл үе шаттай хэрэгжүүлж буй юм. Өөртөө засах мужууд болох Мадрид, Барселона сүүлчийн шатанд одоогоор шилжихгүй байна. Хязгаарлалтыг сулруулах энэ үе шатанд кафе, баар, зочид буудлуудын хувьд зарим хязгаарлалтыг нэмж сулруулна. Үүнээс гадна, 20 хүртэл хүн нэг дор цуглаж болно. Түүнчлэн казино, диско клубүүдийн үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрчээ. Гэхдээ диско клубүүд бүжиглэх талбайгүйгээр нээгдэх аж. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд ажилтнуудаа аль болох алсын зайнаас ажиллуулахыг зөвлөсөн хэвээр байна.


Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг даваа гарагт Испанийн ганцхан бүс нутагт буюу тус улсын баруун хойд нутагт орших Галисия өөртөө засах мужид цуцлах аж. Харин Мадрид, Барселона мужууд хязгаарлалтын арга хэмжээг сулруулах эцсийн үе шатнаас өмнөх үе шатанд байгаа юм. Энэ үе шатанд хамаатан садантайгаа уулзаж, дээд тал нь 15 хүн нэг дор цуглаж болно. Кафе, зоогийн газрууд зөвхөн ил талбайд төдийгүй байгууламжийн дотор үйлчлүүлэгчдэд үйлчилнэ. Түүнчлэн худалдааны төв, театр, кино театр, спорт заал зэрэг газрууд тодорхой тооны хүмүүст үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байна.


Испанид гуравдугаар сарын дундуур өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Энэ арга хэмжээ нь хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах боломжийг олгосон бөгөөд зургадугаар сарын 21-нд дуусах юм. Энэ өдрөөс эхлэн испаничууд улс дотроо чөлөөтэй зорчих боломжтой болно. Үүнээс гадна, Испанийн эрх баригчид зургадугаар сарын 21-нээс эхлэн Шенгений бүсийн зарим улсын иргэдэд хилээ нээхээр шийдсэн байна.


Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм дууссаны дараа ч иргэд хоорондоо 1.5 метр зай барих боломжгүй газруудад амны хаалт заавал зүүнэ. Хэрэв энэ журмыг зөрчвөл 100 хүртэл еврогийн торгууль ногдуулах аж.


Испани улс нь цар тахалд хамгийн их өртсөн улсуудын нэг юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 244 мянга орчим хүн коронавирусээр халдварлаж, 27100 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ