УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чанд мөрдөхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслүүдийг Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг чанд баримтлан өрсөлдөхийг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-ын дарга Ж.Батзандан уриалав.
Ээлжит сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн “ШИНЭ эвсэл” байгуулан оролцож буй юм. Уг эвслийн даргаар ажиллаж буй Ж.Батзандан Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзжээ. Тэрбээр, “Сонгуульд оролцогч намууд хууль зөрчсөн болон хуулийн хүрээнд эргэлзээ төрүүлэх олон ажил явуулж байгааг иргэд бидэнд дуулгаж байна. Сонгуулийн сурталчилгаанд төрийн үйлчилгээний, захиргааны ажилтнуудыг хамруулах, төрийн өмчийг ашиглахыг хуулиар хориглодог. Харамсалтай нь “цэнхэр, улаан намууд” хууль зөрчиж байна. Мөн зарим нам ухуулагч, дэмжигчдийн баг нэрээр мөнгө тарааж байна. Тиймээс улс төрийн нам, эвслүүдийг хуулийн хүрээнд сурталчилгаагаа хийхийг уриалж, анхааруулж байна” гэлээ.