Өнгөт арьст эрэгтэйн амь насыг бүрэлгэсэн явдлыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-15 15:10:07

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод өөр нэгэн өнгөт арьст эрэгтэй цагдаагийн ажилтнуудын баривчилгааны үеэр амиа алдсаны улмаас тус улсад эсэргүүцлийн жагсаал улам даамжирчээ.


Африк гаралтай Америк иргэн, 27 настай Рейшард Брукс баасан гаргийн орой Атланта хотын нэгэн зоогийн газрын автомашины зогсоолд цагдаа нарт буудуулсны улмаас амиа алдсан юм.


Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүний мэдээлснээр, Р.Брукс амь насаа алдах хэмжээний ноцтой үйлдэл гаргаагүй байна. Атланта хотын захирагч ч мөн ийм мэдэгдлийг хийжээ. Бямба гарагт Атланта хотын Цагдаагийн газрын дарга албан тушаалаасаа огцорч, уг хэрэгт холбоотой цагдаа ажлаасаа халагдсан байна.


Миннесато муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш арьсны өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн балмад зан үйлийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн олон хотын нэг нь Атланта юм. Ж.Флойдыг нас барахаас өмнө цагдаагийн ажилтан хүзүүн дээр нь ес орчим минут өвдөглөжээ.



Баасан гаргийн шөнө юу болсон бэ?

Жоржиа муж улсын Мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, Wendy's” зоогийн газрын машинаасаа үйлчилгээ авдаг эгнээнд зогссон автомашины жолооч унтаж байгаагийн улмаас бусад үйлчлүүлэгч тойрч гарахад хүрч байгаа тухай дуудлага Цагдаагийн газарт баасан гаргийн орой иржээ.


Цагдаагийн ажилтнуудын биед байсан камерын дүрс бичлэгийг үзэхэд, цагдаа нар Р.Бруксийн согтуурлын түвшнийг хэмжсэний дараа гавлахыг оролдох үед камер газарт унасан байна. Цагдаа нар түүнийг газарт хэвтүүлсэн байсныг өөр хяналтын камерын дүрс бичлэг харуулжээ. Дараа нь Р.Брукс цагдаагийн ажилтнуудын нэгийнх нь цахилгаан гүйдлээр цохигч бууг авч зугтаасан байна. Цагдаа нарыг хөөх үед тэрбээр эргэн харж, цахилгаан буугаа тэдэн рүү чиглүүлээд цааш зугтахыг оролдоход түүн рүү гал нээжээ. Хэдийгээр Р.Бруксийг эмнэлэгт хүргэсэн боловч нас баржээ.



Уг явдлын дараа юу болсон бэ?

Wendy's” зоогийн газрын гадна бямба гарагт эсэргүүцлийн жагсаал болж, ойролцоох замыг хааж, зоогийн газарт гал тавьсан байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.


Р.Бруксийн гэр бүлийн өмгөөлөгч нарын мэдээлснээр, талийгаачийн булаан авсан цахилгаан буу үхэлд хүргэх аюултай зэвсэг биш тул цагдаа гал нээх эрхгүй байжээ. “Цагдаа ажилтан руу хэн нэгэн галт зэвсэг чиглүүлээгүй тохиолдолд түүн рүү буудаж болохгүй” гэж өмгөөлөгч Крис Стеварт хэлсэн байна.


Мөн Атланта хотын захирагч Кейша Лэнс Боттомс Цагдаагийн газрын дарга Эрика Шилдсийг огцорч буй мэдээлэх үедээ, Р.Брукс руу гал нээсэн цагдаагийн ажилтныг шүүмжилжээ. “Та бүхний хийж болох зүйл, хийх хэрэгтэй зүйлийн хооронд тодорхой ялгаа бий. Би энэ тохиолдлыг галт зэвсгийг үндэслэлтэйгээр ашигласан гэж үзэхгүй байна" гэж тэрбээр хэлжээ. Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүн Жеймс Клибюрн ч мөн ижил мэдэгдэл хийжээ. 


Р.Брукс рүү гал нээсэн цагдаа нь 27 настай Гаррет Рольф бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад долоон жил ажилласан байжээ. Ташрамд дурдахад, Жоржиа муж улсын Мөрдөн байцаах товчоо энэ он гарсаар цагдаагийн ажилтан гал нээсэн 48 дахь хэргийг мөрдөн шалгаж буй нь энэ юм байна. 

Холбоотой мэдээ