Америкийн компаниудад “Huawei”-тэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-06-16 10:58:42

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн компаниуд гар утасны тав дахь үеийн 5G стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хятадын харилцаа холбооны “Huawei” корпорацтай тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.


Үүний зэрэгцээ Америкийн пүүсүүд “Huawei” компанийг өнгөрсөн онд хар жагсаалтад оруулахаас өмнө хуваалцаж болох байсан өөрсдийн технологийг тус компанид ил болгож магадгүй байна. 


"Энэхүү шийдвэр нь “Huawei”-г 2019 оны тавдугаар сард хар жагсаалтад оруулсан нь АНУ-ын компаниудыг гар утасны стандарт нэвтрүүлэх чухал үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй байхад чиглэгдсэн" гэж Худалдааны яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Энэ нь “Huawei” компани "гар утасны стандарт боловсруулдаг байгууллагуудад өргөн оролцоотой" байдагтай холбоотой гэж тус яам тайлбарлав.


АНУ-ын Худалдааны сайд Вилбур Росс хэлэхдээ, эрх баригчдын энэхүү шийдвэр нь "харилцаа холбооны салбарын стандартыг боловсруулахад Америкийн аж үйлдвэр илүү их хувь нэмэр оруулах боломжийг олгоно" гэжээ.


АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна" гэж үзэн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  хар жагсаалтад оруулсан юм. Харин  “Huawei” корпорац нь хуулийн дагуу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ мэдэгдсэн билээ.


2019 оны тавдугаар сарын 20-нд АНУ-ын Худалдааны яам “Huawei”-д 90 хоногийн хугацаатай түр лиценз олгож, сүлжээнд үйлчилгээ эрхлэх, программ хангамжийн шинэчлэл хийх эрхийг нь сэргээсэн. Үүний дараа АНУ-ын эрх баригчид лицензийг хэд хэдэн удаа сунгасан юм.


2018 оны наймдугаар сард Трамп АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудад “Huawei” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан билээ.


Холбоотой мэдээ