ДЭМБ БНХАУ-тай нягт хамтран ажиллаж байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-06-16 12:46:54

ЖЕНЕВ. /China Daily/. БНХАУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэнд санаа зовниж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдэгджээ.


Бээжингийн хүнсний томоохон захтай холбоотой халдварын тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан Т.Гебрейесус ийнхүү мэдээлжээ. Түүний мэдээлснээр, сүүлийн 50 гаруй хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй Бээжинд халдвар голомтлон тархсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн бөгөөд нийт 100 гаруй тохиолдол илэрсэн байна.  


“Халдвар дахин тархаж болзошгүй тул улс орнууд сонор сэрэмжтэй байх ёстой. Халдварын тархалтыг хяналтад авсан орнууд мөн ч ялгаагүй” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.  Мөн тэрбээр, Бээжинд халдвар хаанаас тархсан хийгээд тархалтын хүрээг судалж байна гэж мэдээлжээ.


“Халдварын шинэ голомт үүсэх, ялангуяа хаанаас тархсан нь тодорхойгүй байх нь санаа зовоосон асуудал байсаар ирсэн. БНХАУ дахь ДЭМБ-ын баг тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан мэдээлжээ. 

Холбоотой мэдээ