Алдархаан суманд Баруун бүсийн ноос боловсруулах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-22 13:34:28

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Баруун бүсийн ноос боловсруулах үйлдвэр байгуулна. Тус үйлдвэрийг нийт 20.1 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулах аж.

Өнөөдрийн байдлаар Алдархаан суманд байрших, үйлдвэрийн зураг төсөл хийсэн, техник, эдийн засгийн үндэслэл, судалгааг хийж дуусгасан байна. Мөн төслийн удирдлагын компани байгуулсан бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлын санхүүжилтийн 30 хувийг бүрдүүлжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийж, түүхий эд нийлүүлэлт, малчдын сүлжээг зохион байгуулах гэрээг Бэлчээр ашиглагчдын холбоотой байгуулсан байна.

Мөн борлуулалтын гэрээг гадаад худалдан авагчтай байгуулж үйлдвэрийн барилга байгууламжийн ажлын зургуудыг хийж байгаа тухай төслийн ажлын хэсэг мэдээлэв.

Тус үйлдвэр бий болсноор жилд 3.6 мянган тонн ноос угааж самнах бөгөөд хонины нэхий, бод малын ширний анхан шатны тордлогоог хийх юм. Баруун бүсийн ноос боловсруулах үйлдвэр нь цэвэрлэх байгууламж, уур, дулаан бүхий дэд бүтцийн цогцолборын хамт хийгдэнэ. Мэдээж энэ төслийн үр өгөөж их бий. Тухайлбал жил бүр 2.3 тэрбум төгрөгийн түүхий эд худалдан авч баруун бүсийн 41.4 мянган малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Үүнээс Завхан аймгийн 24 сумын 8.9 мянган малчин өрх, 4.4 мянган мал бүхий айл, өрхийн орлого нэмэгдэнэ. Жилд 17.1 тэрбум төгрөгийн орлоготой үйлдвэрт орон нутгийн иргэд сумынхаа Бэлчээр Ашиглагчдын холбоодоор дамжуулан хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хувьцаа эзэмшин ногдол ашиг хүртэх боломж бүрдэнэ. Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт жилд ойролцоогоор 700 сая төгрөгийн татвар төлнө. Шууд ажлын байр 83, дагалдаж байгуулах бусад үйлдвэрт 270 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоо судалгаанд үндэслэн төслийн үр дүнг харж байна хэмээн нэмж мэдээлэв.

 

Холбоотой мэдээ