Хоргодох байранд 30 иргэнийг байрлуулжээ.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-25 23:16:13

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төвд одоогоор 180 хүний хоргодох байр бэлдэж, үүнд 30 иргэнийг байрлуулжээ. 

Айл өрх, ААН байгууллагын усыг соруулах ажилд 124 албан хаагч, 14 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ч усны хэмжээ их байгаа тул усыг хангалттай зайлуулж чадахгүй байна. Чингис хотын бохирын өргөх 1 дүгээр насосны гэмтэл гарч хотын хэмжээнд цэвэр,бохир усны хангалт зогссон бөгөөд гэмтлийг арилгахаар "Хэнтий Ус" ХХК болон "Өндөрхаан хот тохижилт"-ын ОНТҮГ-ын хамт олон ажиллаж байна.

Мөн Чингис хотын үерийн даланг засварлах, сэргээн босгох, нийтийн ариутгал халдваргүйтгэлийг товлон бэлтгэх ажлуудыг үргэлжлэн хийж байгаа бөгөөд багийн Засаг дарга нар усанд автсан өрх, иргэдийн мэдээллийг нягтлан, нарийвчилсан судалгааг гаргаж байна.

УЦУОШТ-өөс мэдээлж байгаагаар 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд бороотой, 27, 28-ны өдрүүдэд нартай, 30 градусаас дээш халах бөгөөд 29-нд дахин бороо орох төлөвтэй байна.

Тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн болон Чингис хотын захирагч, сумын Онцгой комиссын дарга Ц.Идэрбат Хэрлэн сумын төвийн гэр хорооллын усанд автсан өрхүүдтэй газар дээр нь очиж ажиллаж байгаа юм.



Холбоотой мэдээ