Голуудын усны түвшин 5-50 см даван үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-27 15:55:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голын усны 10-40 см нэмэгджээ.

Мөн Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрний дагуу болон Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин 5-50 см нэмэгджээ. Өчигдөөс Туул гол Улаанбаатар хот орчим, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.  


Цаашид хур бороо их орж, гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэх тул:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхаарч урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулав.

Холбоотой мэдээ