Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 38.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-01 16:55:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд тарваган тахлын голомттой 21 бүс нутаг бийТиймээс тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэд болон эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор дархлаажуулалтын ажил хийж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв өнгөрсөн жил тарваган тахал өвчний 3700 тун вакцин захиалж, сумдад хуваарийн дагуу нийлүүлсэн. Улмаар нийт 3671 иргэн дархлаажуулалтын вакцинд хамрагдсан буюу 99.2 хувьтай гүйцэтгэсэн байна.

Тэгвэл энэ жилийн тухайд 5000 тун вакцин захиалж авчээ. Улмаар Ховд аймгийн 17 суманд хүний тоо, эрсдэлт бүлгийн хүн амын судалгаанд тулгуурлан хуваарилж өгчээ. Тухайлбал, аймгийн төв буюу Жаргалант суманд 450 тун вакцин хуваарилсан аж.

Ингээд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 1925 иргэн вакцинд үнэ төлбөргүй хамрагдсан байна. Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил одоогоор 38.5 хувьтай үргэлжилж байна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Вакцин тарилгад хамрагдахад анхаарах зүйл гэвэл  6-гаас дээш насны хүнд хийнэ. Жирэмсэн болон элэгний В, С вирустэй, ходоод 12 хуруу гэдэсний шархтай хүнд эсрэг заалттай аж.

Дархлаажуулалтын ажлыг аймгийн Зоонозын өвчин судлалын төв, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, вакцинатор сувилагч нар гүйцэтгэж байна.

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.  Үүнтэй холбогдуулан иргэд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 10:00 болон 14:00 цагт очиж үйлчлүүлэх боломжтой.

Тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэд болон эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулалтын вакцинд идэвхтэй хамрагдахыг албаныхан уриалж байна.

 

Холбоотой мэдээ