Албадан хөдөлмөрийг устгахад эрхзүй үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-07-03 16:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албадан хөдөлмөрийг олон улсад хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг гэж үздэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар дэлхийд 24.9 сая хүн албадан хөдөлмөрт өртөж байна. Монгол Улс Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиндаа хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэхийг хориглодог. Мөн Эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн заадаг. 


Энэ хүрээнд Европын холбооны санхүүжилтээр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Монголын хэвлэлийн хүнээлэн (МХХ), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хамтран “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь” сэдвээр хот, хөдөөгийн 30 гаруй сэтгүүлчийг сургалтад хамруулав.



Албадан хөдөлмөр нь хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэн хүний үндсэн эрхийг зөрчин, хэн нэгэн этгээд их хэмжээний ашиг олдог үйл явц аж. Мөн хувь хүний амьдрах, оршин суух, ажиллах үндсэн эрхийг хязгаарлаж, хориг тогтоон зөрчдөг байна. Энэ нь иргэдийг сэтгэл санааны дарамт, бие махбодын хүнд байдалд оруулж, хүний наймаа, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт хүргэж, амиа хорлох шалтгаан болдгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт З.Өнөржаргал онцлов. Мөн эдгээр зүйлс нь нийгмийг хүчирхийлэлтэй болгож байна гэв.

Амжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд албадан хөдөлмөрт илүү өртөж байгаа нь иргэдийн мэдээлэл, мэдлэг муу байгаагийн шинж аж. Ахиу мөнгө олж, амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэд хууль бус ажилд зуучлагчдын өгөөш болдог байна. Зуучлалын төлбөрт иргэдийн бичиг баримтыг барьцаалан, цалингаас нь суутган, өрийн дарамтанд оруулдаг жишээ олон дурдав. 


ОУХБ-аас албадан хөдөлмөрт өртсөн байж болзошгүй яаралтай тусламж шаардлагатай байгаа хүмүүсийг тодорхойлох, шинж тэмдгийг танихад туслах 11 шалгуур үзүүлэлтийг гаргажээ. Үүнд, хувь хүний эмзэг байдлыг буруугаар ашиглах, хууран мэхлэх, чөлөөтэй зорчихыг хязгаарлах, хорьж тусгаарлах, бие бялдарын болон бэлгийн хүчирхийлэл, айлган сүрдүүлж заналхийлэх, бичиг баримтыг барьцаалах, цалин хөлсийг олгохгүй байх, өрийн барьцаа төлөөс болгох, ажиллаж амьдрахад хүнд хэцүү нөхцөл, илүү цагаар ажиллуулах гэсэн үзүүлэлтүүд ордог байна.

Эдгээр үзүүлэлтүүдэд тулгуурлан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг судлахад туслах малчин, гадаад улсад хууль бусаар ажиллаж буй иргэд, цэргийн хөдөлмөр, ял шийтгэл эдэлж буй иргэдийн хөдөлмөрийг зохицуулах хууль тогтоомж хангалтгүй учир албадан хөдөлмөрт өртөж байгаа жишээ олон гарчээ.


Иргэдийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд Хөдөлмөрийн маргаан таслах комисс, аж ахуй нэгж, байгууллагынхаа үйлдвэрчний эвлэл, өмгөөлөгч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шүүх гэсэн дарааллаар хандан эрх зүйн туслалцаа авч, эрхээ сэргээлгэх юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Эрхзүйн туслалцаа үзүүлэх төв, ХЭҮК, МҮЭ-ийн холбоо, мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нараас авах боломжтой юм. Гэмт хэргийн шинжтэй бол Цагдаагийн байгууллагад хандах аж. Харин хууль бусаар гадаад оронд ажиллаж, амьдарч байсан иргэдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн улсын Элчин сайдын яам болон тус улсынхаа Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын байгууллагад хандах хэрэгтэй юм байна.  


Мөн сургалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын албан хаагчид оролцож, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, түүний хэрэгжилт, хяналт, гадаадад ажиллаж буй иргэдийн нийгмийн хамгаалал, албадан хөдөлмөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын 1999 оны хөдөлмөрийн, 2001 оны гадаадад ажиллах хүч болон мэргэжилтэн гаргах, авах зэрэг хуулиуд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй зөрчилддөг болохыг албан хаагчид онцлож байв. 

Тухайлбал, МХЕГ-аас хөдөлмөрийн хяналт хийхээр очихын өмнө тус байгууллагад 5 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Энэ нь эргээд гэнэтийн шалгалт хийх боломжыг хааж байна хэмээн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа учирлав. 

Үүнийг шийдэх арга нь Хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцыг соёрхон батлах хэрэгтэй гэв. Эдгээр конвенцыг соёрхон баталснаар хяналтад хамрагдах аль ч ажлын байранд өдөр шөнийн алинд ч урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэх аж.


Мөн энэ оны 4 дүгээр сарын байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй 46 мянга 946 иргэний тоон судалгаа гарсан. Эдгээр иргэдийн эрхзүйн орчныг хамгаалахаар ажиллаж буй 12 албан хаагчын тоо хүрэлцэхгүй байгаа тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран ажиллаж байгаа талаар тус газрын төлөөлөгч, мэргэжилтэн Н.Хандмаа онцлов. 

Гадаадаас ажиллах хүч авах нь тус улсын иргэд цалин бага, хөдөлмөрийн насны иргэд нь хүнд хэмээн голоод хийдэггүй ажлын байрандаа тодорхой шалгуур тавин авдаг байна. Манай улс БНСУ-д аж үйлдвэр, барилга, ХАА, үйлчилгээ, загас агнуур гэсэн 5 салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчийг гаргадаг. Тус улс 18-35 насны иргэдийг авахаар заадаг. Харин манай улс гадаадаас ажиллах хүч авахад нас заадаггүй байна.

Хоёр улсын соёл, харилцаа, боловсрол, амьдралын хэв маягийн зөрүүгээс болж манай улс БНСУ-ын үйлчилгээ, загас агнуур, газар тариалангийн салбараас хасагдсан талаар тус газрын мэргэжилтэн хэлж байв. Хасагдсан шалтгаан нь тус орны үйлчилгээний салбарын онцлог нь үйлчлүүлж буй иргэн бүртэй бөхөлзөж, мэндлэх ёстой байдаг аж. Энэ нь манай орны соёлтой зөрчилддөг учир иргэд тэр болгон бөхөлзөж, мэндэлдэггүй байсан нь нөлөөлжээ. Загас агнуурын салбар нь хүнд бөгөөд аюулгүй ажиллагааны заавар, дүрмээс эхлэн хэлний түвшин өндөр шаарддаг байсан нь нөлөөлсөн байна.

Мөн тариалангийн салбарт ажиллаж буй иргэд юу тариалаж байгаагаас шалтгаалан өдөржин оцон шувуу суултаар явах нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байжээ. Эдгээр шалтгаануудаас болж одоогоор тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй 5000 гаруй иргэд байгаа аж.

Ташрамд дурдахад, иргэд хилийн цаана гарсан бол тус улсын хууль тогтоомжинд захирагддаг байна. Ингэснээр тус улсын иргэний адил эрх үүрэг эдлэх эрхтэй болдог аж. 

Б.Мандуул

Холбоотой мэдээ