Нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоог бууруулах хэрэгтэй гэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-05-12 14:15:19

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын өнцөг булан бүрээс  мэргэжил нэгт нөхдөө төлөөлөн  ирсэн  300 гаруй сувилагч цуглан чуулга уулзалт зохион байгууллаа.

Эл өдрийг дэлхийд 1965 оноос, манай улсад 1995 оноос  эхлэн тэмдэглэж иржээ. Энэ жил “Хэрэглэгчдэд ээлтэй- Сувилахуйн тусламж үйлчилгээ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нээлтийн  үеэр Монгол Улсын Шадар сайд, ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар "Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 2014 онд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 46057 ажиллагч ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 2.1 хувиар өссөн байна. Нийт ажиллагсдын 20.2 хувийг их эмч, 23.8 хувийг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн болон бусад ажиллагсад эзэлж байгааг олон улсын түвшинтэй харьцуулахад эмчийн тоо их, сувилагчийн тоо цөөн түвшинд байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 2014 онд 318.6 байгаа нь өмнөх оныхоос 6.7 хүнээр, нэг сувилагчид ногдох хүний тоо 270.6 болж, өмнөх оныхоос 14.9 хүнээр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч цаашдаа бид нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоог бууруулж ажиллах бодит хэрэгцээ байгаа юм" хэмээн  онцоллоо.   

Мөн энэ үеэр Сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр ЭМСЯ-ны мэргэжилтэн С.Алтанбагана илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна  сувилахуйн тусламж үйлчилгээг  хөнгөвчлөх орчин үеийн  тоног төхөөрөмжийн үзэсгэлэн  дэлгэсэн байлаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн  З.Баянсэлэнгэ,  С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцож сувилагчдад баяр хүргэж, шагнал гардуулсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ