Трамп цар тахал эхэлснээс хойш хоёр дахь удаагаа дэмжигчидтэйгээ уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-06 10:34:43

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 11-нд Нью-Хемпшир муж улсын Портсмут хотод сонгогчидтойгоо уулзана гэж түүний сонгуулийн штаб ням гарагт мэдээлжээ.


Царт тахлын үед Цагаан ордны тэргүүн удаан хугацааны туршид сонгуулийн суртчилгаа зохион байгуулаагүй юм. Удаан завсарласны эцэст тэрбээр зургадугаар сарын 20-нд Оклахома муж улсын Талса хотод дэмжигчидтэйгээ уулзсан билээ. Нью-Хемпширт болох арга хэмжээ нь АНУ-д коронавирус тархсантай холбогдуулан тогтоосон эрүүл ахуй-халдварт өвчний хязгаарлалтыг сулруулж эхэлснээс хойших хоёр дахь уулзалт болох юм.


Портсмутад болох уулзалтыг зохион байгуулагчид бүх оролцогчид хандан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. “Уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн бүх хүнд гар ариутгагч, нүүрний хамгаалалт тараана” гэж сонгуулийн штабын хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна. 


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д 2.85 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 129700 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ