Сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдэд болор суварга өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд цогчин их гэсгүй лам, гавж Д.Даваасүрэн агсны лагшин эрдэнэ “ринсрэл”-ийг болор суваргад өнөөдөр заллаа.
Нээлтийн үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, “Гандантэгчэнлин хийдийн гэсгүй лам олон жил хийсэн Д.Даваасүрэнгийн хойдын ерөөл хурж, ар гэр, шавь нараас нь болор суварга өргөсөнд баяртай байна. Энэ суваргад олон хутагт, богд нарын ринсрэл оршино гэдэгт бат итгэлтэй байна. Гавж Д.Даваасүрэн хэцүү хатуу цаг үед бурханы шашны ажлыг ах ламаа даган эхлүүлсэн. Хүрээний нарийн жүд болгоныг багшаар дамжуулан хүртсэн эрхэм, коммуннизмын 70 жил шашин ямар байсныг хэлэх нэгэн түүхэн хүн байсан билээ. Тэрээр олон шавь нараар хүрээлүүлж, лүн авшиг өгсөн. Маань мэгзэмийг их тоолсон, далдын эрдэмтэй эгэлхэн нэгэн хуварга байсныг ринсрэл тэргүүтнээс харж болно. Энэ суварга бол Монгол орноо бурханы шашин хөгжихийн бэлгэдэл боллоо” хэмээн онцлов.
МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, “Бидний багш өнгөрсөн гахай жилийн зуны дунд сарын хуучдын 17-д ертөнцийн мөнх бусыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан. Үүнээс хойш багшийнхаа ерөөл тэргүүтэнг ном ёсны дагуу үйлдэхийг хичээж байна. Бид дээдэс багш нарын зарлиг номын дагуу лагшин шүтээнийг хайлахад их эрдэнийн үрэл, ринсрэл тэргүүтэн гарсан. Үүнийг сүсэгтэн олонд үзүүлж, суварга шүтээнд залах нь зүйтэй юм. Өнөөдөр Батцагаан дуганд бидний багшийн ринсрэл тэргүүтнийг бус, Бурхан багш, түүнээс хойш гарсан бодисадва нар, Монгол орноо төрөн гарсан номын мэргэдийн лагшин эрдэнийг залах болор суврагыг ар гэр, шавь нараас нь өргөж байна” хэмээв.
Гандантэгчэнлин хийдийн Хансар гавж Ё.Амгалан, “Би гэсгүй гуайтайгаа 1976 оноос таалал хураах хүртэл хамт байсан. Гэсгүй лам маань анх таван настай ах лам дээрээ ирж, Гандан хийдийн ажил бүгдийг хийсэн. Ийн бодь сэтгэлийг бясалгаж, буян хураасны илрэл эгэлгүй сайхан эрдэм гарчээ. Шавь нар болон олон сүсэгтэнтэй хамтран болор суварга бүтээсэнд баярлаж байна” гэв.
Болор суваргыг Хятад улсын Хэйбэй мужийн Чинжуо хотын нэгдсэн болорын үйлдвэрт К-19 буюу хамгийн тунгалаг болороор бүтээлгэж, чимэг сэлтийг алт, мөнгө, зэсээр монгол урчууд урлажээ. Гэсгүй ламын ар гэр, шавь нар нийт 158 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий болор суваргыг Гандантэгчэнлин хийдийн Их шанзав, даамалд гардуулан өглөө.
Тодруулга: Ринсрэл нь бурханы шашны хутагт богд, бясалгал бүтээлийг үйлдсэн бодисадва, лам нарын чандрын үнснээс гардаг сувдан хэлбэртэй зүйл юм. Ринсрэл нь энэрэнгүй сэтгэл хийгээд билиг ухааны эрдмийг олсноор үүсэн бий болдог. Үүнийг үзэх нь асран нигүүлсэх сэтгэлийг төрүүлдэг хэмээн бурханы шашинтнууд үздэг.