ЭЕШ-д амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-10 18:43:44
Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Архангай аймаг байгуулсны 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын хурал өнөөдөр 16.00 цагт аймгийн ХДТ-т болж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үеэр 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гарган 750-аас дээш оноо авсан 25 сурагч, тэднийг бэлтгэсэн 15 багшийг шагнаж урамшууллаа. Эдгээр багш, сурагчдад аймгийн Засаг даргын захирамжаар 10.3 сая төгрөгийн шагнал урамшууллыг олгов.
Дэлхий даяар тархсан цар тахлын үед улс орон даяар үндэснийхээ баяр наадмыг зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөл байдалд хийж байгаа учраас төрийн дээд одон медалиар шагнуулах нэрсийг Ерөнхийлөгчийн зарлигаар гаргаагүй юм. Өмнө ирсэн, эзэндээ очоогүй байсан төрийн дээд “Алтан гадас” одонг гардуулан өглөө. “Алтан гадас” одонгоор Эрдэнэбулган сумын өндөр настан, Архангай аймгийн аварга ногоочин Дашийн Пэлжид, Эрдэнэбулган сумын ахмад багш Хас-Очирын Цээсүрэн, ахмад настан Аюушийн Батбаяр нар шагнууллаа.
Аймгийн Засаг даргын жуух бичгээр 4, хүндэт өргөмжлөлөөр 2, спортын мастер цолоор нэг сурагч тус тус шагнуулсан юм.
Холбоотой мэдээ