Жолооны үнэмлэхийн зөрчлөө лавлаж, Залуус цагдаагийн сургуулиудыг сонирхож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-13 11:42:15

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас ой угтсан олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж  байна. Үүний нэг нь өнөөдөр 09-17 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж буй цагдаагийн "Нээлттэй хаалганы өдөр" өдөрлөг юм.

Чингисийн талбай өнөө өглөөг хөл хөдөлгөөнтэй эхэллээ. Тусгайлан зассан индэр дээр цагдаагийн "Сүлд" чуулгын дуучид ая дуугаа өргөж, дэлгэцэн дээр "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" гэсэн бичиг бүхий сурталчилгааны дүрс олны анхаарлыг татна. Эгнүүлэн зассан асруудад ЦЕГ,  Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын харьяа нэгжүүд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн түрүүч нь жолооны үнэмлэхийн зөрчлөө лавлаж, торгууль, шийтгэлийн ялгааг асууж лавлаж байв. Мөн ХСИС, Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн асар руу залуус илүү очиж, сургалтын талаар сонирхож байгаа нь энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ зөв сонгохыг хичээж буй нь илт. Дээрх сургуулиуд төлбөргүй бөгөөд хамгийн гол нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг анхаарч, хуульч мэргэжлийг онцлон сонгохын чухлыг Сургалтын албаныхан тайлбарлаж байв. Мөн иргэдийн оролцоо идэвхжин, хүмүүс олноороо цуглах үед цагдаагийн мэргэжлийн онцлогийг харуулсан  гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэдэд сонирхуулах юм. "Галт зэвсгийн тухай", "Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль", "Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам" зэрэг иргэдийн заавал мэдэж байх, өдөр тутмын амьдралд нь хэрэгтэй гарын авлагыг ч  тараасан юм.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс өөр ямар ажлууд хийж буйг тодруулахад, "Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авна. Мөн хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултад хариулж, мэдээ мэдээллээр хангана. “Smart police” цахим үйлчилгээ, Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Оюутан цагдаа, “School police”-ийн үйл ажиллагааны талаар ч  иргэд, олон нийтэд танилцуулах зэрэг олон төрлийн  үйлчилгээ үзүүлнэ" гэлээ. Мөн энэ үеэр олон нийтэд иргэний мэдээллийн лавлагаа гаргаж өгөх, төрийн үйлчилгээний цахим машин авчран байрлуулсан байна. Ийнхүү иргэд бүтэн нэг өдрийн турш  цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээг авах боломжтой. Мөн энэ өдөрлөгийн үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, тус  яамны холбогдох албан тушаалтнууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, ЦЕГ-ын удирдлагууд, алба хаагчид иргэдтэй уулзах хөтөлбөртэй юм. Зохион байгуулагчид иргэдийг зав чөлөө гарган Чингисийн талбайд хүрэлцэн ирж цагдаагийн "Нээлттэй хаалганы өдөр"-т оролцохыг урьж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ