Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 25 улсын төр засгийн тэргүүн мэндчилгээ ирүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-21 18:00:38
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт Австрали, Сингапур, БНАСАУ, Казахстан, Киргиз, Вьетнам, Тайланд, Лаос, Кувейт, Польш, Чех, Болгар, Румын, Словак, Австри, Швейцар, Швед, Украйн, Египет, Саудын Араб, Алжир, Марокко, Оман, Катар, Никарагуа зэрэг орнуудын  төр, засгийн тэргүүн нараас баярын мэндчилгээ ирүүллээ.


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн баярын мэндчилгээндээ “Казахстан, Монголын уламжлалт найрамдал болон  бүхий л салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг манай хоёр улсын ард иргэдийн сайн сайхны төлөө шинэ түвшинд гаргах зорилгод Тантай хамт хүч гарган ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна” гэв.


Энэ онд манай улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж буй Болгарын Ерөнхийлөгч Румен Радев Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ улс төрийн нэгдсэн сонирхол, хамтын хүчээр хоёр талын харилцааг шинэ агуулга хэлбэрээр харилцан сонирхсон салбарт хөгжүүлэхдээ таатай байгаагаа илэрхийллээ.


Австрийн Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Манай хоёр улсын харилцаа ойр дотно байсаар ирсэн бөгөөд цаашид ялангуяа худалдаа, эдийн засаг, соёл, хүрээлэн буй орчин, аялал жуулчлалын салбарт улам өргөжин хөгжинө гэдэгт миний бие итгэл төгс байна” хэмээн тэмдэглэв.


Кувейтын Эмир Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Ерөнхийлөгч Х.Баттулгад “Үндэсний баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэхийн сацуу манай хоёр орон, ард түмний хоорондын найрсаг харилцаа улам бүр хөгжиж байгаад тааламжтай байгаагаа энэ ялдамд илэрхийлье” хэмээсэн баярын мэндчилгээ ирүүлэв.


Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах Эс-Сиси Ерөнхийлөгч Х.Баттулгад мэнлчилгээ илгээж манай хоёр найрсаг ард түмнийг холбож буй сайн харилцааг хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн бүх салбарт өргөжүүлэх нэн сонирхолтой буйгаа илэрхийлэв.


Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой тохиож буй Польшийн Сенатын Маршал Томаш Гродзки Үндэсний их баяр наадмыг ЮНЕСКО хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэснийг өндрөөр үнэлж, монгол түмний баяр ёслол тэмдэглэх уламжлалыг гайхан биширдэг гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт илэрхийлсэн байна.


Чехийн Сенатын танхимын дарга Милош Выстрчил УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн мэндчилгээндээ “Бидний найрсаг харилцаа нь манай хоёр ард түмнийг холбож байдаг бөгөөд цаашид энэхүү харилцааг хадгалан үлдэхийг хүсч байна” гэв. Монгол Улс Чех Улстай дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой энэ онд мөн тохиож буй билээ.


Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фүк Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ илгээж “Вьетнамын Засгийн газар Монгол Улстай олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үргэлж ач холбогдол өгч ирсэн. Хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Эрхэмсэг ноён Тантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэж онцлон тэмдэглэв.


Словакын Ерөнхий сайд Игор Матович Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүлж, манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа ард түмний тусын тулд цаашид үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэл төгс  буйгаа илэрхийлэв.


Румыны Ерөнхий сайд Людовик Орбан “Манай хоёр улсын ард түмний тусын тулд харилцан хүндэтгэл, олон жилийн найрсаг харилцаанд тулгуурласан бидний харилцаа цаашид өргөн хүрээнд эрчимтэй үргэлжлэн хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн мэндчилгээндээ тэмдэглэжээ.


Манай Улс Румын, Словак Улстай дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ойг мөн энэ онд тэмдэглэж байгаа билээ.

Холбоотой мэдээ